Бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-07 17:23:42

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сумын нийтийн эзэмшлийн зам талбайг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ.

Нийтийн их цэвэрлэгээнд Улиастай сумын 86 төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 1090 ажилтан алба хаагч оролцов. Нийтийн эзэмшлийн зам талбай болон байгууллагууд ойр орчмынхоо нийт 90 м.куб хог хаягдлыг цэвэрлэж нэгдсэн хогийн цэг рүү ачуулжээ. Харин айл өрх бүр нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож 60 м.куб хог хаягдлыг цэвэрлэж ачуулсан байна.

Мөн бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэж хоёр км газар ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Их цэвэрлэгээг хийсний дараа нийтийн эзэмшлийн авто зам, гудамжнуудыг ариутгаж халдваргүйжүүлсэн. Учир нь цас хайлж бохирдол ихтэй газруудыг ариутгахын өмнө заавал их цэвэрлэгээг зохион байгуулсан нь COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ариутгалд сайн нөлөө үзүүлнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улиастай сумын хэмжээнд нийт 25 км зам талбайг ариутгаж халдваргүйжүүллээ. Ер нь Улиастай сумын ЗДТГ-аас хавар, намрын улиралд бүх нийтийн их цэвэрлэгээг явуулдаг. Харин албан байгууллага, аж ахуйн нэгжүүд долоо хоног бүрийн тав дахь өдөр ойр орчмынхоо их цэвэрлэгээг хийдэг уламжлалтай хэмээн Улиастай сумын ЗДТГ-ын Байгаль орчны улсын байцаагч Б.Саруул мэдээлэв. Ташрамд өнгөрсөн амралтын өдрүүдээр Завхан аймгийн 24 сум нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ.


Энэ жил хог ангилан ялгах хогийн савыг байршуулжээ

Завхан аймаг дөрөв дэх жилдээ “Эко Завхан” аяныг үр дүнтэй хэрэгжүүлж байна.

Тус аймаг орчныхоо бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд дээрх аяныг явуулж буй. Өнгөрсөн жил аяны үр дүнг хагас, бүтэн жилээр дүгнэж шилдэг эко сум, байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шагнаж урамшуулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар аймгийн төв Улиастай суманд он гарсаар 20 гаруй албан байгууллага, 30 гаруй иргэн сайн дураараа нийтийн эзэмшлийн зам талбай болон голын ай сав дагуух хогийг цэвэрлэжээ. 

Мөн долоо хоног бүрийн баасан гараг болон амралтын өдрүүдэд төрийн байгууллага, сумд өөрсдийн хариуцсан газар, талбайнхаа хог хаягдлыг цэвэрлэх ажлыг идэвхтэй зохион байгуулж байна. Тухайлбал аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон гэхэд хоёр удаа Богдын голын сав дагуух хогийг цэвэрлэж ачуулсан байна. Алдархаан, Тосонцэнгэл, Сантмаргаз, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин зэрэг 11 сум төвлөрсөн хогийн цэгийн талбайгаа багасган шууж тохижуулах ажлыг хийжээ. Аймгийн хэмжээнд нийтийн эдэлбэр газарт 450 гаруй хог хаягдлын сав байрлаж байгаа бол “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын гэр хорооллын айл өрхүүд болон гудамж талбайд 83 ширхэг хогийн савыг өнгөрсөн жил нэмж байршуулжээ. Харин энэ жил нийтийн орон сууцнуудын дэргэд хог ангилан ялгах хогийн сав долоон ширхэгийг нэмж байрлуулсан байна.

Аюултай хог хаягдлын хүнхээлийг ариутгаад байна

Өнгөрсөн жил байгуулсан аюултай хог хаягдлын хүнхээлийг ариутгажээ.

Төвлөрсөн хогийн цэгийн талбай дотор байрладаг аюултай хог хаягдал хадгалах 15 шоо метрийн багтаамжтай дөрвөн ширхэг хүнхээлийг хлорын шохойгоор ариутгажээ. Өнгөрсөн жил төвлөрсөн хогийн цэг орчмын газрыг эрүүлжүүлэх зорилгоор мод, бут тарих ажлыг хийж 20 ширхэг улиас модыг тарьж, найман ам.дөрвөлжин метр газрыг зүлэгжүүлсэн байна. Энэ жил мөн нэмж мод суулгах төлөвлөгөөтэй байгаа. Мөн талбайгаа өргөтгөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Улиастай хотын төвлөрсөн хогийн цэгийн 18 га талбайг тохижуулж, хогийг хагас ландфиллын аргаар хаах ажлыг хийсэн. Төвлөрсөн хогийн цэгийн 4.7 га газрын өргөст торон хайс хамгаалалтыг сэргээн засварлан, технологийн сайжруулалт хийж, 1800 орчим метр газар хамгаалалтын далан, шуудууг татаж, төвлөрсөн хогийн цэг рүү хүрэх шороон замыг сайжруулсан байгаа. Энэ жил мөн тохижилтын ажлуудыг төлөвлөгөөний дагуу явуулна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан иргэд, албан байгууллага бүр өөрийн эзэмшлийн талбай, хашаа хорооныхоо дэргэдэх эзэнгүй хогийг заавал нийтийн их цэвэрлэгээ гэхгүйгээр тухай бүр нь цэвэрлэх, гудамж талбайд иргэд хог, муу усаа асгахгүй, орчиндоо цэвэр цэмцгэр амьдрахыг уриалж байна хэмээн аймгийн Хот тохижилт үйлчилгээний албанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ