БНХАУ-д коронавиурсний халдварын 39 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-06 12:21:13

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” өвчнөөр нэг хүн нас барж, 11 хүн эдгэрсэн бол 39 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд үүний 38 нь зөөвөрлөгдөн орж ирсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хорооны ээлжит мэдээлэлд дурджээ.  


Хятадад дотооддоо халдвар авсан тохиолдол бараг илрэхгүй байгаа бөгөөд ням гарагт ганцхан тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын дийлэнх хувь нь Европын орнууд болон АНУ-аас орж ирж байгаа юм. Одоогоор байдлаар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлын тоо 951 болж нэмэгдсэн бөгөөд 693 хүн өвчилсний 22-ынх нь биеийн байдал хүнд байна. Гадаадаас ирсэн халдвартай хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 258 хүн эдгэрчээ. 


Халдвар тархсанаас хойш Хятадад 81 708 хүн коронавирусний халдвар авч, 3331 хүн нас барсан бол 77 078 хүн эдгэрсэн байна. Тус улсын эрх баригчид энэ сарын 1-нээс эхлэн халдварын шинж тэмдэггүй тохиолдлын талаар мэдээлж эхэлсэн юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд 78 ийм тохиолдол илэрсэн бөгөөд тэдний 40 нь гаднаас ирсэн хүмүүс аж. Халдварын шинж тэмдэг илрээгүй боловч коронавирусний шинжилгээний хариу нь “эерэг” гарсан 50 хүнийг тусгаарлалтаас гаргасан байна. Одоогийн байдлаар халдварын шинж тэмдэггүй 1047 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд үүний 239 нь гаднаас ирсэн хүмүүс аж. 


Халдварын голомт болох Хубэй мужид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол шинээр илрээгүй байна. Тус мужид 69 хүн эдгэрч эмнэлгээс гарсан ба нас барсан нэг тохиолдол Ухань хотод бүртгэгджээ.


Холбоотой мэдээ