УИХ-ын хаврын ээлжит чуулган анх удаа цахим горимоор эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-06 12:10:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын бүрэн эрхийн сүүлчийн буюу 2020 оны хаврын ээлжит чуулган өнөөдрийн 12.00 цагт гишүүдийн 75 хувийн ирцтэйгээр анх удаа цахим горимоор эхэллээ. 


Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд Монголын төр засгаас оновчтой, цаг алдалгүй арга хэмжээ авч байгааг тэмдэглэхийн сацуу иргэн бүр журамт үүргээ ёсчлон биелүүлж байгаад талархалтай буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээх үеэрээ онцлов.


Тэрбээр, "Монгол Улсад шинэ коронавирус дотоодоос илрээгүй, гаднаас зөөвөрлөгдөж ирсэн 15 тохиолдлыг сайн эмчилж чадсаны үр дүнд түрүүчээсээ эдгэрч, хайртай хүмүүстэйгээ учирч байна. Эмчийн тангаргаа сахин биелүүлж шинэ коронавирусийг оношилж эмчилж байгаа Ц.Чинбаяр, Б.Дармаа тэргүүтэй эмч, сувилагч, резидент нарын баг болон тусгаарлах байранд ажиллаж байгаа нийт эмнэлгийн ажилчдад талархал илэрхийлье.



Чуулган эхлэхийн өмнөхөн Ц.Чинбаяр эмчтэй утсаар холбогдож, санал хүсэлтийг нь сонслоо. Багийнхаа гишүүдийн хамт хоёр хүнийг эмчилсэн. Сайд нь харьж амсхийх санал тавихад энэ хүмүүсээ эмчилж үр дүнг нь хармаар байгаагаа хэлж, ар гэрээсээ зөвшөөрөл авсан гэдгээ дуулгасан. Улс орны санхүү ямар байгааг ойлгож байгаагаа тэмдэглэж, эм эмнэлгийн хүрэлцээ хангамжид анхаарах санал хэлж байгаад нь бахархах, хүндэтгэх сэтгэл төрлөө. Эрүүл энхийн манаанд зогсож байгаа Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны эмч, мэргэжилтэн, Д.Нямхүү захиралтай ХӨСҮТ-ийнхөн энэхүү хуралдаанд цахимаар холбогдож байгаад талархал илэрхийлье.


Төрийн шийдвэрийг сахин албаны үүргээ биелүүлж байгаа цагдаа, цэрэг, гааль, мэргэжлийн хяналт зэрэг төрийн тусгай албан хаагчдадаа мөн хууль тогтоох дээд байгууллагын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Монгол хүний эрүүл мэнд, саруул ухаанаар үлгэр дуурайл үзүүлж, хатуу дэг журамтай байж, ёс зүйг дээдлэн хүн ардынхаа төлөө ажиллахыг нийт төрийн албан хаагчдадаа уриалъя" хэмээв.


УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулж байна. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдах бөгөөд хамгийн түрүүнд УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Тус хуулийн төсөлд УИХ-ын чуулганыг онцгой дэглэмийн үед цахимаар хуралдуулж болох эрх зүйн үндсийг тогтоох юм.


Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга индрээс үг хэлж байна.

Холбоотой мэдээ