Японы Токио, Осака хотод онцгой байдал тогтооно

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-04-06 10:47:02

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо коронавирусний халдвар тархаж байгаатай холбогдуулан тус улсын зарим хотод онцгой байдал тогтоох шийдвэр гаргажээ.


“Kyodo” агентлагийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байгаа Токио, Осака хотод ийм арга хэмжээ авна. Онцгой байдал тогтоох тухай удахгүй албан ёсоор зарлаж магадгүй гэж тус агентлаг тэмдэглэв.


Коронавирус тархсантай холбогдуулан улс даяар эсвэл орон нутгийн хэмжээнд онцгой байдлын дэглэм нэвтрүүлэх эрхийг Ерөнхий сайддаа олгохыг зөвшөөрсөн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Японы парламент гуравдугаар сарын эхээр баталжээ.


Уг баримт бичигт тодорхой газар нутгийн хүн амыг зөвшөөрөлгүйгээр эсвэл онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахыг хориглох эрхийг эрх баригчдад олгосон байна. Мөн мужийн захирагчид Засгийн газартай тохиролцсоны дагуу боловсролын болон бусад төрийн байгууллагуудыг албадан хаах боломжтой. Түүнчлэн эмнэлгийн байгууллагууд дутагдалтай байгаа тохиолдолд шаардлагатай газар, барилга байгууламж, эмийн сангуудын нөөцийг хураан авч түр хугацаагаар эмнэлэг барих эрхтэй байна. Үүнд саад учруулахыг оролдвол эрүүгийн шийтгэл онооно.


Сүүлийн 24 цагийн хугацаанд Японд коронавирусний халдварын 300 гаруй шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 4500 давжээ. Тус улсад коронавирусний халдвараар 104 хүн нас барсан бөгөөд одоо 70 гаруй хүний биеийн байдал хүнд байна.


Холбоотой мэдээ