Нурмагомедов, Фергюсон нарын тулаан цуцлагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-04-02 12:26:59

МОСКВА. /RIA Novosti/. Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга, Оросын тулаанч Хабиб Нурмагомедов Америкийн тамирчин Тони Фергюсонтой хийх тулаан цуцлагдаж байгааг мэдэгджээ.


Дөрөвдүгээр сарын 18-нд Бруклинд /АНУ/ явуулахаар төлөвлөж байсан Нурмагомедов, Фергюсон нарын тулаан /UFC 249/ UFC-гийн онцлох тулаануудын нэг байсан юм. Нурмагомедов хөл хорионд орж, ОХУ-аас гарч чадахгүй байгаа учраас Фергюсоныг өөр өрсөлдөгчтэй тулалдуулах хувилбарыг UFC хэлэлцэж байгаа гэж Оросын тамирчин мягмар гарагт мэдээлсэн байна. Харин UFC-ийн тэргүүн Дэйна Уайт  дараа нь Нурмагомедов, Фергюсоны тулаан "дөрөвдүгээр сарын 18-ндаа дэлхийн хаа нэгтээ болно" гэж мэдэгдэж байв.


“Гэртээ хорио цээрийн дэглэм сахиад, миний тулааны талаарх хүмүүсийн сэтгэгдлийг уншаад сууж байна. Бүх улс орны төр засаг, алдартай хүмүүс өвчний тархалтыг хязгаарлахын тулд аюулгүй байдлын хэм хэмжээг сахихыг уриалж байхад Хабиб үүрэг хариуцлагаа умартаад, дэлхийгээр дураараа хэсүүчилж, тэмцээний төлөө амиараа дэнчин тавих ёстой гэж үү? Би ойлгож байгаа. Тулаан цуцлагдаж байгаад та бүхнээс илүү их сэтгэл зовниж байна. Та бүхний адил надад ч бодож төлөвлөсөн олон зүйл байв. Гэвч тэр бүхнийг хүссэнээрээ шийдэх боломжгүй. Өнөө цагийн хамгийн хүчирхэг улс гүрнүүд, компаниуд одоо болж байгаа зүйлд цочирдож байна шүү дээ. Байдал өдрөөс өдөрт урьдчилан тааварлахын аргагүй өөрчлөгдөж байна. Гэсэн ч Хабиб тулалдах ёстой гэж үү? Та бүхэн биеэ бодоорой. Өөрийгөө миний оронд тавиад үзээрэй” гэж тэрбээр инстиграм хуудсандаа бичжээ.

Холбоотой мэдээ