Нүүрсний тээвэрлэлтийг хатуу хучилттай авто зам барих хүртэл хугацаагаар хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-04-02 12:49:36
altantogos

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан сумын малчдын гаргасан санал гомдлын дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж шийдвэр гаргалаа.

Тус хуралдаанаас “Эрдэнэс-Тавантолгой”-гоос Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу тээвэрлэж байгаа нүүрсний тээвэрлэлтийг хатуу хучилттай авто зам барих хүртэл хугацаагаар аймгийнхаа нутаг дэвсгэрээр явуулахыг хориглохоор боллоо.

Мөн байгаль орчинд учруулсан хохиролд экологи, эдийн засгийн үнэлгээ хийлгэх, хяналтын пост гарган хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга болон мэргэжлийн байгууллагууд, дээрх дөрвөн сумын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

“Эрдэнэс-Тавантолгой”-гоос Шивээговь сум хүртэл 430 км шороон замаар явдаг бөгөөд Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан сумын нутгаар дайран өнгөрдөг.  Говийн хөрс зөөлөн байдаг учраас нэг замаараа явдаггүй, хэд хэдэн эгнээ зам үүсгэж бэлчээрийг их хэмжээгээр талхалж, маш их хэмжээний тоосонцор үүсгэж, байгаль орчинд хохирол учруулж байна.

Тиймээс өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дээрх сумдын 270 гаруй малчин гомдол гаргаж, сумынхаа удирдлагуудаар дамжуулан аймгийн ИТХ-д хүсэлт гаргасан ажээ. 

Холбоотой мэдээ