Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв онцгой байдлын үе дэх ажлаа дүгнүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-03-30 22:31:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажил өнөөдөр /2020.03.30/ ямар байгаа талаар тус дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан танилцжээ.


Тэрбээр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон шинэ коронавирусний халдварын эсрэг урьдчилан сэргийлж хэрэгжүүлсэн арга хэмжээ, зайлшгүй шаардлагатай үед ажиллах тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг шалгаж танилцсан байна.



Тус төв нь шаардагдах эм, оношлуур, багаж хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг нөөцлөх арга хэмжээг авсан байв. Мөн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж, үйлчилгээний өрөө тасалгаа нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа аж.



Хүний хөдөлгөөн багатай хэсэгт амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг тусгаарлах өрөө, тасгийг бэлтгэн шаардагдах тоног төхөөрөмж, багаж хувийн хамгаалах хэрэгслэл, гар халдваргүйтгэх бодис нөөцлөн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаагаа тус төвийнхөн танилцууллаа.



Засаг дарга, ЭМТ-ийн эмч, ажилчдын цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл, санал хүсэлтийг сонсон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, нийт ажилтнуудад Үндэсний эмч нарын өдрийн халуун мэнд хүргэж, амжилт хүсэв. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төв болон 21 хороодын өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардагдаж байгаа эмнэлгийн хэрэгслээр дэмжлэг үзүүлнэ гэв.

Холбоотой мэдээ