СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ ӨВ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2020-03-30 10:28:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Өв соёл бол тухайн үндэстний дархлаа, ой санамж, түүхийн гэрч юм. 2000 гаруй жилийн тэртээгээс улбаалсан төрт ёсны түүх бидэнд бий. Энэ баялаг зузаан цаг хугацаа өөрийн гэсэн өв соёл, үүх түүхтэй. Тиймээс ч 2017 онд Олон Улсын Монгол судлалын холбооноос санаачлан “Дэлхийд тархсан Монгол өв” 20 боть бүтээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өдгөө Эрмитаж болон Унгар дахь монгол өвүүдээс гадна дорно дахины бурхан шашны өв зэрэг бүтээлүүд уншигчдад хүрээд буй. Дэлхийн 30 гаруй орны 60 гаруй хотод бий монголын өв дурсгалуудыг нэгтгэх энэ томоохон төсөл амжилттай хэрэгжиж байгаа нь сайшаалтай.


Эдгээр орнуудын дунд БНСУ ч мөн багтана. Энэ жил Монгол Улс нь БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болж байна. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд соёл урлаг, ёс заншлын хамтарсан хөтөлбөрүүдээс эхлэн Солонгос, Монголын хамтарсан судалгааны багийн гишүүд археологийн чухал олдворуудыг нээн илрүүлсэн жишээ олныг дурдаж болно.


Мэдээж түүхийн урт удаан хугацааны явцад Монгол оронд хамаарагдах эд өлгийн зүйлс дорно дахины орнуудад олонтаа хадгалагдаж үлдсэн байдаг. Томоохон хотын туурь, уран барилга, эртний бичиг судруудаас гадна, ахуйн хэрэглэл, хаадын бичиг захидал тэргүүтэн бий. Харин тэдний дундаас хамгийн бага судлагдсан, хамгийн их сонирхол татахуйц нь Солонгос дахь монгол өв юм. 


БӨӨГИЙН ХУВЦАС




Бөөгийн шашныг эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэлцдэг ба энэ нь монголчууд онгон сахиусаа хэрхэн дүрсэлж, хувцас хунараа урлах болон зан үйл зэргээс нь шалтгаалан анхны бөө эмэгтэйчүүд байсан бололтой гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлыг өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь лавтай. 


Тэгвэл Солонгосын Үндэсний угсаатны зүйн музейд улаан өнгийн эмжээр болон цацаг голлосон чимэглэлтэй бөөгийн нэхий дээл хадгалагдаж буй. Энэхүү дээл нь 19 дүгээр зууны төгсгөл, 20 дугаар зууны эхэнд хамаарагдаж байгааг судлаачид дүгнэжээ. Тус дээлийг 1990 оноос хойш хувь хүнээс худалдаж авсан байна.  Юань гүрний үед бөөгийн шашны хөгжлийн үе байсан гэж судлаачид дүгнэдэг. Харин дээрх үзмэр нь түүнээс хойшхи үед хамаарч буй нэн чухал олдворын нэг юм.


БӨӨГИЙН ХЭЦ ХЭНГЭРЭГ




Энэхүү бөөгийн хэц нь дээрх үзмэрийн хамт байрлаж нэгэн цогц болдог. Мөн л 19 дүгээр зууны төгсгөл, 20 дугаар зууны эхэнд хамаарагдана. Солонгосын Үндэсний угсаатны зүйн музейд байршуулахаас өмнө хувьд хүнд хадгалагдаж байжээ.


Бөөгийн хэц хэнгэрэг нь онгод тэнгэрүүдийн унаа буюу тэднийг баясгах хөгжмийн зэвсэг юм. Мөнхүү хэлбэр дүрсийн хувьд янз бүр байдаг ч ихэнх нь дугуй хэлбэртэй. Бөө нарын үздгээр хэнгэрэг нь онгодын унаа бөгөөд дугуй хэц хэнгэрэгээ унаад онгод тэнгэрүүд хорвоо ертөнцөөр чөлөөтэй зорчдог гэдэг. Харин зурагт буй хэц хэнгэрэг дээрх товгор зүйлсийг “булцуу” гэж нэрлэнэ. Энэ нь бөөгийн зэрэг зиндааг илтгэдэг. Булцуу нь олон байх тусам тухайн бөөг ихэд чадалтай хэмээн дүгнэдэг байна.


ХУЯГНЫ БУГУЙН ХАМГААЛАЛТ




Салита жанжнаар удирдуулсан монгол цэргүүд 1231 онд Корё улс руу довтолсон түүх бий. Тэд хилийн боомтуудыг эзлэн урагш давшихад Корё-гийн хаан өмнө зүгийн нутгуудаар тархуу суусан бүх цэргийн жанжинуудыг цуглуулж Гүжү цайзад бэхлэлт байгуулж байсан талаар Солонгос улсын түүх бичигт дурдсан байдаг.


Тэгвэл Салита жанжины хуягны бугуйн хамгаалалт болох эд өлгийн чухал өв Солонгосын Юнин музейд хадгалагдаж байна. Мэдээж түүх сударт Салита жанжины дайралт хийсэн он цагийг бичсэн боловч тухайн хуягны бугуйн хамгаалалт нь яг хэддүгээр онд хамаарагдаж буй нь тодорхой бус юм. Уг ховор нандин эд өлгийн зүйлсийг 1990 оноос хойш мөн л хувь хүнээс худалдан авч Юнин музейд тавьжээ.


Хуяган дээрх эртний монгол зураг гол мөрнийг дүрсэлдэгтэй адил хээ угалз бий. Мөнхүү нар сар, галыг давхар дүрсэлсэн нь байгаль дэлхийгээ шүтэж ирсэн эртний нүүдэлчдийн оюун сэтгэлгээний нэгэн цогц урлал болох нь илт харагдана.


МОНГОЛ ЛОНХ НЭРТ ШАВАР ВААР




Солонгосын Жэжүгийн музейд “Монгол лонх” нэртэй шавар ваарнууд хадгалагдаж байдаг. Эдгээр нь монгол цэргүүдийн хэрэглэж байсан усны сав бөгөөд 14 дүгээр зууны үед хамаарагдана.


Зууван хэлбэртэй уг сав нь сэнжний нүхтэй байсан учраас олсоор бариул хийж авч явдаг байж. Хубилай хааны тэнгисийн цэргүүд ч мөн зууван хэлбэрийн шавар вааранд ундны усаа нөөцөлж явдаг байсныг илтгэх үзмэрүүд манайд бий. Ваарны уламжлалт хэлбэрийг хадгалсан эдгээр “Монгол лонх” нэртэй шавар ваарыг Жэжү аралд буй Монголчуудын байгуулсан сүмийн тууриас археологийн малтлагаар илрүүлсэн байна. Эдгээр шавар ваарнууд нь манай улсын дайн тулааны үеийн үйл явдлыг гэрчлэх ховор нандин үзмэрт тооцогддог билээ.


Эдгээр өв соёлын чухал нандин үзмэрүүд нь хоёр орны эртний соёл иргэншлийн заагийг тодотгон харуулна. Харин өдгөө бол соёлын харилцааны маш чухал хөшүүрэг болж байна. Өв соёлын үнэт зүйлс нь тухайн улс орны түүхийг дотроо хадгалсан байдаг. Гэвч тэдгээрийг нээн илрүүлж, хадгалж үлдэх нь соёлт хүн төрөлхтний түүхийн “гэрч” болж үлддэг жамтай.

Холбоотой мэдээ