Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-03-25 13:53:40

ОТТАВА. /CTV/. Канадын Британийн Колумб мужид коронавирусний халдвар тархсантай холбогдуулан тогтоосон онцгой байдлын дэглэмийг зөрчиж буй хүмүүст зориулж Ванкувер хотын эрх баригчид торгуулийн систем нэвтрүүлжээ.


Эрх баригчдын шийдвэрийг үл ойшоон Ванкувер хотод үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй үйлчилгээний салбарын компаниудын эздэд дээд тал нь 50 мянган канад доллар буюу 34500 ам.долларын торгууль ногдуулна. Харин хувь хүнд ногдуулах торгуулийн дээд хэмжээ 1000 канад доллар буюу 700 орчим ам.доллар байх аж.  Гэхдээ бүх торгуулийг шүүхэд давж заалдах боломжтой байна.


Ванкуверийн захирагч Кеннеди Стюарт онцгой байдлыг зөрчвөл ийм торгууль ногдуулахаар төлөвлөж байгаагаа ням гарагт мэдэгджээ. Хотын зарим оршин суугчид тоглоомын талбайд олноороо цугларч, олон зочинтой үдэшлэг зохион байгуулах зэргээр онцгой байдлын дэглэмийг үл тоомсорлож байгаа учраас тэрбээр ийм арга хэмжээ авахаар шийдсэн байна. Үүнээс гадна, кафе, зоогийн газрууд болон үйлчилгээний салбарын бусад жижиг үйлдвэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа аж.


Канадын мужуудын тал гаруй нь нутаг дэвсгэртээ онцгой байдлын дэглэм тогтоосон байна. Эдгээр бүс нутагт олон нийтийн газрууд, сургууль, цэцэрлэгүүдийг хаасан бөгөөд оршин суугчдадаа онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо гуравдугаар сарын 21-нд мэдэгдэл хийхдээ орон даяар онцгой байдал тогтоохыг үгүйсгээгүй байна.


Коронавирусний халдварын анхны тохиолдол Канадад нэгдүгээр сарын 15-нд бүртгэгдсэн юм. Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан нийт хүний тоо 2000 давж, 27 хүн нас барсан байна. Британийн Колумб болон Онтарио мужид халдварын хамгийн олон буюу тус тус 617 болон 588 тохиолдол бүртгэгджээ.


Холбоотой мэдээ