Л.Мөнхтүшиг: УОК, ГХЯ, МИАТ компани тусгай хуваарьт нислэгийн бүртгэл хийхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-23 14:53:10
NandiaMontsame


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадаас монгол иргэдийг татан авах хуваарьт нислэг үйлдэх шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд хэрэв нислэг үйлдэх болбол тийзийг энгийн үед борлуулдаг сувгаар худалдана гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр онцлов.


Тэрбээр: "Дэлхийн олон орон хилийн хязгаарлалт хийж байгаатай холбоотой манай иргэдийн эх орондоо ирэх боломж хумигдаж байна. Он гарснаас хойш манай улсын 21 мянган иргэн эх орондоо ирсэн. Одоо дэлхийн 80 гаруй улсад 190 мянган монгол иргэн оршин сууж байна. Бид ЭСЯ-уудаар дамжуулан тухайн улс орнуудын авч буй арга хэмжээ, сэрэмжлүүлэг, зайлшгүй дагаж мөрдөх журмыг тухай бүрт нь хүргэж байгаа. ОХУ гадаадаас ирж буй иргэдийг нэвтрүүлэхгүй, БНХАУ гадаадаас ирж буй хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байгаатай холбоотой ОХУ болон БНХАУ-аар дамжиж Монголд ирэх боломжгүй болсон.


Тусгай хуваарьт нислэгээр монгол иргэдийг авах асуудал шийдэгдээгүй байгаа учир УОК, ГХЯ, МИАТ компанид өргөдөл гаргах шаардлагагүй. Дээрх газрууд зорчигчийн бүртгэлийг хийхгүй. Хэрэв нислэг үйлдэх нь тодорхой болбол энгийн үед нислэгийн тийз хэрхэн худалддаг яг тэр сувгаар худалдана. Гадаадад байгаа иргэдийг тухайн газраа аюулгүй байдлаа хангахыг, Монголд байгаа гэр бүлд нь тайван байхыг зөвлөж байна. Иргэдийн сэтгэл санаанд нөлөөлж, эх орондоо яаралтай ирэхийг ятгаж байгаа тохиолдол олноор гарч байна" гэлээ.


Холбоотой мэдээ