Албан байгууллагууд нэг өдрийн цалингаа хандивлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-22 17:11:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулахад Баянхонгор аймгийн ААН, албан байгууллага, ард иргэдээс хандив тусламж, төрөл бүрийн дэмжлэг үзүүлсээр байна.

Т.Отгонбаатар захиралтай “Баянхонгор эрчим хүч” ЦТ ХХК аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд нэг өдрийн цалин буюу 2.593.052 төгрөгийг гардуулснаас гадна 9 дүгээр багийн "Энхбүрд" ӨЭМТ-ийн таван ажилтан тус бүрт нэг ээлжийн хамгаалах хувцсыг өгчээ.

С.Рэнцэндагва даргатай Татварын хэлтсийн хамт олон аймгийн болон Эрдэнэцогт сумын Онцгой комисст тус тус 525 мянган төгрөгийг хандивлалаа. Мөн үндэсний уламжлалт спорт болох шагай харваачид 1000 төгрөгөөр нэгдэж, нийт 500 харваачийн 500 мянган төгрөг цуглуулж аймгийн Онцгой комисст гардуулсан байна.

Б.Ганчимэг захиралтай Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүжин театрын уран бүтээлчдээс 1.040.000 төгрөгийн хандив өргөсөн бол аймгийн Ламын гэгээний Гон гандан дэдлин хийдийн хамба лам Б.Баянжаргал хийдийнхээ лам хуваргуудыг төлөөлж 1 сая төгрөгийг Онцгой комиссын удирдлагуудад гардууллаа.

Доктор С.Оюунбилиг захиралтай "Соого сейко" сургуулийн багш ажилчид 1.030.000 төгрөг, Ц.Алтангэрэл захиралтай "Номундалай цогцолбор" сургуулийн багш ажилчид аймгийн Онцгой комисс, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн үйл ажиллагааг дэмжиж тус тус нэг сая төгрөгийн хандив өргөсөн байна. Мөн Ц.Загдсүм захиралтай Эрдэм ахлах сургуулийн багш ажилчид аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж 1.9 сая төгрөг, Л.Ононхүү захиралтай Баянхонгор аймгийн "Эрдэнэмандал" ахлах сургуулийн хамт олон 1.755.000 төгрөгийн хандив өргөжээ.

Холбоотой мэдээ