Халдварын оношилгоо, эмчилгээний талаарх БНХАУ-ын туршлагаас хуваалцав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-03-18 18:47:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороотой хамтран “COVID-19” халдварын оношилгоо, эмчилгээний талаарх туршлага солилцох цахим хурлыг зохион байгууллаа.

Цахим хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд болон тархвар зүйн, эмнэл зүйн баг, нөгөө талаас Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо, Бээжингийн их сургуулийн удирдах албан тушаалтнууд оролцов.

Цахим хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Засгийн газраас “COVID-19”  халдварын дэгдэлтийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаа, явцын талаар мэдээлэл өгөв. Мөн тэрээр энэхүү цахим хурал нь цаг үеэ олсон, нэн чухал ажил болж байгааг онцлон тэмдэглэж, хурлыг зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны хамт олонд талархал илэрхийлэв.

Хурлын үеэр Бээжингийн их сургуулийн Ардын эмнэлгийн Амьсгалын болон амь тэнссэн үеийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Гао Жаньчэн коронавирусийн халдварын оношилгоо, эмчилгээний сэдвээр илтгэл тавьж, уг вирусний халдварын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Үүний дараа хуралд оролцогчид өөрсдийн сонирхсон сэдвээр харилцан ярилцаж, асуулт, хариулт өрнүүлэв. Цаашид цаг үеийн бусад шаардлагатай сэдвээр цахим хурал хийж байх санал дэвшүүлцгээсэн байна.



Холбоотой мэдээ