Уул уурхайн компаниудыг нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг шаардаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-18 00:07:54

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг ажлын байр, туслан гүйцэтгэл, бараа ажил, үйлчилгээ нийлүүлэх шалгаруулалтаа нээлттэй явуулж хэвшихийг тус аймгийн удирдлага шаардаж байна.

Сүүлийн жилүүдэд дээрх шаардлагыг тавьснаар ажлын байрны сонгон шалгаруулалтыг хэд хэдэн удаа нээлттэй зарлаж, иргэд аймгийн ХХҮГ-аар дамжуулан ажилд зуучлагдсан бол өнгөрсөн онд Петро Чайна Дачин тамсаг ХХК анх удаа байгаль орчны нөхөн сэргээлт, эрсдэлийн үнэлгээ, ариутгал халдваргүйтгэл, авто замын засвар арчлалт зэрэг ажлыг нээлттэй явуулсны үр дүнд Дорнод аймгийн арав орчим компани дөрвөөс таван тэрбум төгрөгийн ажил хийхээр шалгарсан юм. Энэ нь орон нутгийнхаа компаниудыг чадавхжуулах, ажлын байр нэмэгдүүлэхэд ч тодорхой хэмжээгээр нэмэр болдог гэдгийг тус аймгийн удирдлага хэлж байна.

Цаашид бусад уул уурхайн компанийг бараа, ажил үйлчилгээгээ нээлттэй зарлахыг шахаж шаардаж, тодорхой үр дүн гаргахаар төлөвлөж байна гэв. 

Холбоотой мэдээ