Бодлогын түвшинд анхаарал хандуулж байж ажилгүйдлийг бууруулна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-18 09:10:44

Дорнод /МОНЦАМЭ/Дорнод аймаг ойрын жилүүдэд 20-30 мянган ажлын байрыг бий болгож байж, ажилгүйдлийг тэглэх юм. Гэтэл энэ нь дан ганц аймаг бие дааж шийдэх боломжгүй, Засгийн газраас бодлогын түвшинд анхаарч, томоохон үйлдвэр, бусад дэд бүтцийн төслийг хэрэгжүүлж байж дээрх олон мянган хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэнэ. Жишээлбэл, “ДБЭХС” ТӨХК-ийн 50 мегаваттын өргөтгөл баригдвал 200-гаад хүн, Өмнөговиос эхэлж байгаа төмөр замын төсөл Чойбалсан хотод хүрэхэд нэг мянга гаруй хүн ажлын байраар хангагдах боломжтой гэж тооцоолж байгаа аж. Энэ мэтчилэн бодлогын чанартай томоохон төслийг зүүн бүсэд хэрэгжүүлбэл ажилгүйдэл эрс багасна гэж Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр болсон Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн хурал дээр онцолж хэлэв.    

Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн энэ анхны хурлаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийнхаа онцлогт тулгуурлан хэрэгжүүлэх тал дээр голчлон ярилцаж, санал солилцсон байна.

Монгол Улсын хэмжээнд зүүн бүс ажилгүйдлийн түвшин нэлээд өндөр байдаг. Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл хуваарилагдаж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг зохицуулах, зорилтот бүлэг рүү чиглэсэн ажлын байрыг хадгалах чиглэлээр буюу уламжлалын дагуу явж ирсэн гэхэд болно. Ийнхүү “гал унтраах” маягаар хөдөлмөр эрхлэгчдэд багахан дэмжлэг үзүүлж ажиллах нь яг тулгараад байгаа асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг ч зөвлөлийнхөн хэлж байлаа. Дорнод аймгийн удирдлага хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд орон нутгийнхаа түвшинд идэвхтэй ажиллаж байгаа гэхэд болно. Цаашид ХАА, аялал жуулчлалын томоохон төслүүдийг дэмжиж, иргэдийг ажлын байраар хангахад анхаарна гэв. 

Холбоотой мэдээ