Л.Нарангэрэл: Урт үсээ би гоёл гэхээс илүү өв, соёл гэж нандигнадаг

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-17 17:31:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд эрт дээр үеэс эмэгтэйчүүд нь үсээ урт ургуулж, түүнийгээ эмэгтэй хүнийг чимэх нэг гоёл хэмээн үздэг байсан. Орчин үед гэзэгтэй эмэгтэйчүүд цөөрсөн ч, огт байхгүй болсон гэвэл бас үгүй. Тэдний нэг  Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат, сумын аварга малчин Л.Нарангэрэлтэй цөөн хором хөөрөлдлөө. Түүнийг “Гэзэг Нараа” гэх нэрээр нь Сүхбаатар нутгийнхан андахгүй. Урт үсийг гэзэг хэмээн хүндэтгэн нэрлэдэг билээ. 


-Сайн байна уу та. Сайхан хаваржиж байна уу?

-Сайн, сайн байна уу. Сайхан өвөлжиж, сайхан хаврыг угтан авч байна аа.

-Аль эртнээс таны гэзэг анхаарлыг минь татаж эхэлсэн. Харин өнөөдөр тантай хөөрөлдөх боломж олдлоо. Одоо таны гэзэгний урт хэд вэ?

-2018 онд Монголын сайхан гэзэгтэй бүсгүй тэмцээнд орох гээд хэмжүүлж байхад 1,56 метр байсан. Одоо бараг өөрөөсөө урт гэзэгтэй болж байх шиг байна. Ер нь тэгээд хаана ч явсан гэзгийг маань хүмүүс их сонирхдог. Энэ бол түрүүний өөрийн тань хэлж байснаар ийм гэзэгтэй хүмүүс цөөрсний л нэг илрэл байх. 

-Хэдий хугацаанд ургуулаад ийм урт болсон бэ?

-Намайг дөрвөн настай байхад аав ээж хоёр маань даахийг минь үргээсэн гэдэг. Түүнээс хойш дэггүйтэж олон ч удаа тайрсан даа. 25 наснаасаа хойш тасралтгүй  ургуулж эхлээд одоо байгаа нь энэ.

-Түүнээс хойш нэг ч удаа тайраагүй юм уу?

-Их хэмжээгээр биш ч жилдээ хоёроос гурван удаа үзүүрийг нь бага зэрэг тайруулдаг. Хааяа хааяа хайч хүргэх нь үсний ургалтад нөлөөлдөг юм шиг санагддаг. Тэгээд ч одоо нас сүүдэр 50 гарлаа. Өөрөөсөө урт үсээр яалтай билээ дээ. Дээрээс нь миний үс их амархан ургадаг.

-2017 онд анх аймагт зохиосон тэмцээнд оролцож байхад таныг харж байсан юм. Тухайн тэмцээнд түрүүлээд, дараа нь улсын хэмжээний тэмцээнд оролцож байсан байх аа?

-Тийм тийм. 2017 онд анх удаа аймагт “Урт гэзэг бүсгүйн гоёл” тэмцээн болж, би түрүүлж байсан. Тухайн үед тэр тэмцээн олны сонирхол, анхаарлыг маш ихээр татаж байсан. Яагаад гэвэл анх удаа зохиосон, нөгөө талаараа аймаг орон нутагт маань ийм сайхан гэзэгтэй эмэгтэйчүүд байдаг шүү гэдгийг олонд танилцуулж, тэр хэрээр гэзэгний соёлыг сурталчилж байсан. Ер нь урт үс буюу гэзэг гэдэг нь бүсгүй хүний гоёлоос гадна энэ бол үндэсний маш том өв соёл гэж би боддог. Тэгэхээр миний хувьд өв тээгч гэсэн үг шүү дээ. Тийм ч учраас би үсээ их нандигнан хайрлаж явдаг. Энэ бол миний нэрийн  хуудас болсон зүйл.

-Улсын тэмцээнд оролцоход ямар байсан бэ?

-Аймагтаа түрүүлээд улсын хэмжээний тэмцээн болно гэдгийг сонсоод шууд оролцохоор очсон. Малчны хотноос ёстой нөгөө байгаагаараа, монгол төрхөөрөө л очсон. 100 гаруй сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөөд хоёрдугаар байрт шалгарч, Монос косметик компанийн шампунийн рекламанд тоглож, тус бүтээгдэхүүний гурван жилийн хэрэглээний эрхээр шагнуулж байсан. Ер нь тэр тэмцээн олон сайхан дурсамжийг үлдээсэн, бас ихийг бодогдуулсан тэмцээн болсон.


-Мэдээж ийм урт үсэнд арчилгаа их шаарддаг байх. Тэмцээний шагнал үнэхээр хэрэгтэй зүйл байж чаджээ?

-Хүн бүр ингэж асуудаг. Гэхдээ миний үс харьцангуй гайгүй ээ. Мэдээж угаахад шампунь, ус их орно. Хэт их өтгөн биш болохоор угаагаад л өөрөө хэвэнд орчихно. Хатааж сайхан сүлжээд л болоо шүү дээ. Эсвэл дээш нь шуучихдаг юм. Зарим хүмүүс урт үс хэцүү, арчилгаатай гэдэг. Миний хувьд бол эсрэгээрээ. Харин ч надад их олон талын ач холбогдолтой юм шиг санагддаг. Наад захын жишээг хэлэхэд би одоо 50 гарч байгаа гэхэд нүдний хоёр талд ямар ч үрчлээгүй. Бас миний шүд ганц нэг унасныг эс тооцвол бүрэн бүтэн эрүүл. Би энэ бүгдийг урт үснийх гэж боддог. Гурван жилийн хэрэглээний шагналын тухайд үнэхээр сайхан шагнал байсан. Тэр эрх маань одоо л дуусч байгаа.

-Урт үс тань удмынх уу?

-Тийм. Миний ээж их сайхан үстэй эмэгтэй байсан. Тухайн үедээ л бас гэзэгтэй бүсгүйчүүдийн тоонд ордог байсан даа. Ер нь тэгээд манай ах дүүсийн хүрээнд сайхан гэзэгтэй бүсгүйчүүд, охидууд цөөнгүй бий шүү.

-Орчин үед ийм гэзэгтэй хүн цөөхөн болсон. Тэгэхээр гэзэгний соёл үгүй болох нь ойрхон байна гэсэн үг үү?

-Магадгүй тийм байхыг үгүйсгэхгүй. Залуучууд нийгэм цаг үеээ дагаад хувьсан өөрчлөгдөж, хөгжиж дэвжилгүй яахав. Гэхдээ энэ том соёлыг үргэлжлүүлэн авч явах нэг хэсэг хүн байх хэрэгтэй гэж би боддог. Магадгүй би охинтой байсан бол үсийг нь ургуулж, удмынхаа энэ соёлыг үргэлжлүүл гэж захих байсан. Би өөрөө хоёр сайхан хүүтэй. Мадагүй ач нараас маань миний хүслийг биелүүлэх охин гарч ирэх байх. Гэхдээ заавал удам гэхгүйгээр тэвчээртэй байж, ургуулж чадвал ямар ч хүний үс ургана л даа. Тэгэхээр энэ сайхан өв соёл тийм амархан устаж үгүй болчихгүй байх гэж бодож байна.

-Зав гарган ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ