Булган суманд нохой, үнэг галзуугаар өвчилсөн болох нь тогтоогджээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-03-17 15:50:19

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Булган суманд 2-р сарын 29-нөөс 3-р сарын 1-нд шилжих шөнө иргэн О-ийн дуудлагаар сумын шуурхай штабын бүрэлдэхүүн дуудлагын газар дээр очиход нохой татганах, цоройх шинж тэмдэг ажиглагдсан байна. Нохойг устгалд оруулж, тархинаас нь дээж авч, аймгийн Мал эмнэлгийн газарт явуулахад галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Мөн энэ сарын 3-нд айлын хашаанд үнэг үхсэн гэх дуудлагын дагуу шуурхай штаб очиж уг үнэгийг устгалд оруулж, тархинаас нь дээж авч шинжилгээнд явуулахад галзуу өвчин мөн гэж тогтоогдсон байна.

Үүний дагуу сумын Засаг даргын Хязгаарлалтын дэглэм тогтоох А/20, золбин нохой устгах А/19 захирамжууд гарч, 3-р сарын 4-17-ныг хүртэл хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Захирамжийн дагуу Булган сумын төв болох Зуунмод багийн айл өрхүүдийн нохойг хаягжуулан, иргэдэд сэрэмжлүүлэг тарааж, 65м хашаа хороог ариутгаж, золбин 23 нохойг устгаад байна.

Холбоотой мэдээ