БНСУ-аас ирсэн 244 иргэнийг тусгаарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-15 20:47:51
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр өнөөдөр эх орондоо ирсэн 244 иргэнийг Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хүргэлээ.


Нэн тэргүүнд мэс засалд орсон, хүнд өвчтэй зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 50 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, 184 хүнийг Энх Саран сувиллын газарт, харин Бусан, Дэгү хотоос ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тус тус тусгаарлаж, ажиглалтад авав.


Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлан ажиглана. Зорчигчдод анхны үзлэг, шинжилгээ буюу халуун үзэх, асуумж бөглүүлэх ажлыг нислэгийн явцад МХЕГ-аас томилогдсон хилийн хяналт шалгалтын байцаагч нар хийж гүйцэтгэсэн байна.


Нислэгээр ирсэн иргэдийг ариутган халдваргүйжүүлж, тээвэрлэн байрлуулах ажлыг ХӨСҮТ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ нэгдсэн зохион байгуулалттайгаар ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын шууд удирдлага дор богино хугацаанд амжилттай зохион байгууллаа. 


Иргэд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын  тавьсан шаардлагыг биелүүлж, хүлээцтэй соёлтой, хүндэтгэлтэй хандаж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ