Галын аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-15 11:23:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багт байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 12-ны өдрийн 12:12 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, нэг автомашинтай 3 км замыг туулан 12:19 цагт очиж, иргэн А-гийн эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн хананы гадна талын хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан байна.

Мөн Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь багийн 4 дүгээр гудамжинд Баянхонгор аймгийн Жинст сумын иргэн Т-ын 5 ханатай гэр энэ сарын 15-ны өдрийн 01:40 цагт шатжээ. Мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга З.Цэрэндорж мөн өдрийн 02:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Хүйтэн сэрүүний улирал дуусч байгаа ч галлагаа зогсоох болоогүй энэ цаг үед пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гал түймэр гарах эрсдэл өндөр байгааг албаныхан анхааруулав.

Галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг ханган янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1.25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулахыг аймгийн ОБГ-аас зөвлөж байна. Мөн пийшин, зууханд зориулалтын бус түлш хийхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж  хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй гэлээ.

Түүнээс гадна орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн хүмүүсээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөсөн юм.

Холбоотой мэдээ