“COVID-19” халдвар дэлхийн 122 улсад бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-13 12:54:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 122 улсад коронавирусний 125 048 тохиолдол бүртгэгдэж,  нас баралтын тоо 4 612 болсон тухай  ЭМЯ-наас өнөөдөр мэдээллээ.

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа,  “Дэлхийн 122 улсад 125 048 тохиолдол бүртгэгдэж,  нас баралтын тоо 4 612 боллоо. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-д шинэ коронавируст халдварын дэгдэлтийн оргил үе дууссан гэж мэдэгдсэн. Цаашид ДЭМБ болон бусад орнуудтай хамтран “COVID-19" тархахаас сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. БНСУ-д тус халдварын тоо буурч, 110 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Иран улсад 9 658 тохиолдол бүртгэгдэж, 63 хүн нас баржээ” хэмээн танилцуулав.


ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, “Европ тивд “COVID-19” халдвар өргөн хүрээтэй тархаж байна. Тухайлбал, Итали улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1 016 боллоо. Мөн халдвар авсан хүний тоо 15 113 болж 21.7 хувиар өсжээ. Европ тивийн ихэнх улсад цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Хэсэгчилсэн байдалтай арга хэмжээ авч  байсан бол үндэсний хэмжээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацаагаа дахин сунгаж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 26 улс , Европ тивд 13 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна. Үүнээс  гадна  ресторан, үзвэр үйлчилгээний газар, зарим улсад шүүхийн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Болгар улсад нэг нас барж халдвар огцом нэмэгдсэн учраас үндэсний хэмжээний онцгой байдал зарлахаар Засгийн газар нь парламентдаа санал оруулснаа мэдээлсэн. Түүнчлэн АНУ-ын ихэнх муж шинээр хязгаарлалтын арга хэмжээ авч өргөтгөж байна” гэв.

 

Холбоотой мэдээ