Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-03-11 14:49:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдвартай, Франц улсын иргэнийг Дорноговь аймгаас өнөөдөр өглөө авчран ХӨСҮТ-д тусгаарлалаа. Тус аймагт очсон эмч нартай холбогдож нааш авчрах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн хэмээн ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр онцоллоо.


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, “Мэргэжлийн эмч нар  Дорноговь аймагт очиж,  бидэнтэй цахимаар холбогдсоны үр дүнд Франц улсын иргэнийг шилжүүлж авах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Ирэх замд тухайн иргэний биед хүндрэл үүсээгүй. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр байна. Бид ДЭМБ-аас өгсөн удирдамжид тусгасан бүх эмчилгээ, оношилгоог хийж байгаа.  Мөн БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нартай цахим уулзалт хийн ярилцаж, туршлага солилцсон.

Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өнөөдөр өглөө 107 зорчигч ирснээс 70 хүнийг үзлэгт хамруулж, асуумж авсан. ХӨСҮТ-д 9, Багабаянгийн амралтад 31 хүнийг тусгаарлалаа. Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг сэжигтэй тохиолдлыг Дархан-Уул аймагт тусгаарласан. Тус аймагт 63 хүнийг ажиглалтад авсан бол Сэлэнгэ аймагт 81 хүн байна. Үүнээс 65 хүн ажиглалт, 16 хүн тусгаарлалтад орсныг хянаж байгаа бөгөөд биеийн байдал бүгд хэвийн байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1 206 тохиолдлыг тусгаарлан хяналтад авсан. Мөн өнөөдрийн байдлаар 715 хүн ажиглалтад байна. Батлагдсан нэг тохиолдолтой ойрын хавьтал 171 хүн байгаа” гэлээ. 

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа , “Дэлхийн 109 оронд 113 702 тохиолдол бүртгэгдэж 24 цагийн дотор 203 хүн нас барсан. Нийт нас барсан хүний тоо 4012 боллоо. Кипр, Панам, Монгол зэрэг 5 улсад “COVID-19” халдвар шинээр бүртгэгдлээ. БНХАУ-д уг өвчнөөр нас барсан тохиолдол 20-иор нэмэгдсэний 17 нь Хубэй мужид, харин Хонконг, Бээжин, Гуанду мужид тус бүр 1 тохиолдол бүртгэгджээ. БНСУ-д 131 тохиолдол шинээр илэрч буурах хандлагатай байна. 180 мянган хүнд лабораторын шинжилгээ хийхэд 89 хувьд “COVID-19” халдвар илрээгүй, 10 хувьд нь илэрсэн. Итали улсад шинээр 1 797 хүн халдвар авч нийт тохиолдлын тоо 10 мянга давлаа. 631 хүн нас барсан. Түүнчлэн Иран улсад 595 тохиолдол нэмэгдэж голомтлон тархаж буй гурван орны нэг болж байна.  Монгол Улсын хувьд нэг, хоёрдугаар шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авсан. ДЭМБ-аас дараагийн шатны арга хэмжээг авахад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна”гэв.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй халдвар судалгаа хийх баг хоёр шөнө нойргүй хонож, нийт 338 хүнээс асуумж, судалгаа авлаа. Энэ дотроос 171 хүнийг ойрын хавьтал гэж авч үзэж тусгаарласан. Үүнээс  98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бол халдвартай хүнтэй вагонд сууж явсан 28 хүнийг аймгийн төвд нь ажиглалтад тусгаарласан. Мөн кэмп дээр нь хамгийн ойр байсан 64 хүнийг тусгаарласнаас гадна Орхон, Сэлэнгэ, Увс аймаг болон Налайх дүүрэгт хүмүүс тусгаарлагдсан байгаа. Тэдгээр хүмүүсийн шинжилгээний дээжийг авсан” гэв.

Мөн тус мэдээллийн үеэр ЭМЯ-наас ажиллуулж буй "119" дугаар руу өчигдрийн байдлаар 900 гаруй дуудлага ирснээс 300 гаруй нь хуурамч дуудлага байсан. Тиймээс эмнэлгийн байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй байхыг албаныхан хүсэв.


Холбоотой мэдээ