Петрочайна Дачин тамсаг компанид ариутгал халдваргүйтгэлийн пункт барих үүрэг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-08 13:45:11

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт малын гоц халдварт өвчин голдуу хилийн гаднаас орж ирдэг. Тус аймагтай хил залгаа Орос, Хятадын муж тосгонууд малын гоц халдварт өвчний дэгдэлт өндөртэй. Тэр хэрээр хилийн гаднаас малын гоц халдварт өвчин орж ирж, бусад аймагт тархсан тохиолдол нэлээд бий.

Тухайлбал, хоёр жилийн өмнө л гэхэд Эрээнцавын боомт орчимд малын гоц халдварт шүлхий өвчин, газрын тосны замд Баянхошуу боомт орчимд шүлхийн хоёр удаагийн тохиолдол, мөн хоёр удаа гахайн мялзан өвчин гарч байсан юм. Энэ мэтчилэн Петрочайна Дачин тамсаг компанийн газрын тос тээвэрлэдэг машинуудаар элдэв төрлийн өвчин хил дамнан орж ирэх эрсдэл өндөр байдгийг ч мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа.

Тиймээс Дорнод аймгийн хилийн боомтууд тээврийн хэрэгслийг ариутгах пунктыг нэн яаралтай барьж байгуулах шаардлагатай байна. Энэ талаар холбогдох дээд шатны байгууллага, яаманд уламжилж байсан ч Сангийн яамнаас аймгийнхаа нөөц боломжоор шийд гэсэн хариу өгсөн удаатай. Гэтэл малын гоц халдварт өвчнийг уг үндэс дээр нь дарах асуудлыг яамны түвшинд шийдэх цаг болсон гэж аймгийн удирдлага үзэж байна. ХХААХҮЯ ариутгал халдваргүйтгэлийн пункт барих төсөл хөтөлбөрийг ОУ-ын байгууллагуудаас татах тал дээр анхаарч байгаа гэсэн хариу өгчээ. Ариутгалын пункт нь нэг тэрбум орчим төгрөгийн өртөгтэй.

Коронавирусын харанга дэлдээд буй энэ үед дээрх асуудлыг нэг мөр шийдэх зорилгоор Петрочайна Дачин тамсаг компанид ариутгал халдваргүйтгэлийн пункт барих үүрэг өгөөд байна. 

Холбоотой мэдээ