Усны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-06 22:05:45

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг гуравдугаар сарыг цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах сар болгодог уламжлалтай.

Учир нь дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс аймгийн БОАЖГ, Завхан гол Хяргас нуурын сав газар, Амь-Ус трейд ОНӨААТҮГ, аймгийн иргэний нийгмийн байгууллагууд хамтран гуравдугаар сард цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулдаг. 

Тухайлбал Завхан аймгийн төвөөр урсах Чигэстэй голын урсацын хэмжээ сүүлийн 30 гаруй жил тасралтгүй буурч байгааг мэргэжлийнхэн мэдээлж буй. Гэхдээ зарим хур бороотой жил урсац нь нэмэгдэж нөхөгддөг хэдий ч усны хэмжээ багасч байгаа ажээ. Завхан аймгийн гадаргын усны нөөц 3.16 км.куб, газрын доорх усны нөөц 1.14 км.куб гэж тогтоогдсон боловч үүнээс ашиглах боломжтой нь 0.57 км.куб байдаг байна.

Чигэстэй голын тухайд гадаргын ба гүний усаараа Улиастайчуудын ундны усны хэрэгцээг хангадаг. Тиймээс цаг агаар дулаарч буй энэ үед голын ай сав дагуух хогийг цэвэрлэх, ундны усны нөөцийг хамгаалах, иргэдэд усны талаарх мэдлэг ойлголтыг өгөх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд онлайн ашиглаж зөвлөгөө мэдээллийг өгч байгаа аж. Усны нөөцийг хамгаалах, зөв хэрэглээтэй болох зурагт хуудас тараах, аймгаас усны талаар авч хэрэгжүүлж буй бодлого чиглэлд санал авах ажлыг 2019 онд хийжээ.

Өнөөдөр иргэдийн ундны усны эрүүл ахуйн тухай мэдлэг тийм ч хангалттай бус байсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор усны нөөцийг бохирдол хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах, тэдэнд зөв мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг албаныхан дуулгав.

 

Усны талаарх авч хэрэгжүүлж байгаа ажлаа иргэдэд онлайнаар тайлагнана

Энэ гуравдугаар сард устай холбоотой үйл ажиллагааг хорио цээртэй холбоотойгоор онлайн ашиглаж хэрхэн зохион байгуулах талаараа мэргэжлийн байгууллагууд хэлэлцэж буйгаа сэтгүүлчдэд мэдээлэв.

Ирэх долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагаануудын мэдээллийг олон нийтэд хүргэх аж.

Ташрамд, Завхан аймагт "Ус" үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн аймгийн дэд хөтөлбөрийг 2016-2021онд хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх ажил жил бүр зохион байгуулж байгаа.

Аймгийн төвийн иргэдийн цэвэр усны хангамж, хадгалалт хамгаалалт ямар түвшинд байгаа, иргэдийг голын ус бохирдуулахгүй байх, цэвэр усны нөөц ундарга газрыг хашиж хамгаалах талаарх аймгийн төлөвлөгөөг баталсан байна. Өнгөрсөн жил аймгийн БОАЖГ, ЗДТГ, ТББ-уудын хамтын ажиллагааны дүнд цэвэр усны эх, ундаргыг хашиж хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүлж нийт 320 гаруй иргэнд мэдээлэл сурталчилгаа хийсэн гэв. Харин иргэдээс мэргэжлийн байгууллагууд, шийдвэр гаргах түвшний удирдлагуудад цэвэр усны нөөц бүхий нутагт газар олгохгүй байх. Усны эх ундаргыг хашиж хамгаалж буй нөхөрлөлүүдийн тоог нэмэх, иргэдэд соён гэгээрүүлэх талын ажлыг эрчимтэй явуулах. Голын сав газарт хайрга олборлох үйл ажиллагааг явуулахгүй байх. Уул уурхайн компаниуд үйлдвэрлэлд гүний ус, голын усыг ашиглаж буйд хяналт тавьж, нөхөн төлбөрийг гаргуулах. Усны нөхөн төлбөрийг эргээд усыг хамгаалах олон талын үйл ажиллагаанд нээлттэй зарцуулахыг тус тус санал хүсэлтээр дамжуулан хүргэсэн байна. Иргэдээс ирүүлсэн дээрх саналуудын дагуу үйл ажиллагааг хэрхэн явуулсан талаарх тайлан мэдээллийг аймгийн мэргэжлийн байгууллагууд иргэдэд онлайнаар нээлттэй өгөх юм байна. 

Холбоотой мэдээ