Онцын шаардлагагүй тохиолдолд хилээр орж, гарахгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-05 14:56:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын зүгээс тусгаарлагдсан иргэдийн байрлах байрны орчин нөхцөлийг аль болох боломжийн хэмжээнд байлгахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар иргэдийн хувьд даарч хөрөх, өлсөж цангах асуудалгүй, дулаан байр, цэвэр орчинд, эмнэлгийн мэргэжилтнүүдийн байнгын хяналтад байгаа гэдгийг Онцгой комиссын зүгээс мэдэгдлээ.

Мөн байгаа орчныхоо бодит байдлын талаарх сэтгэгдлээ иргэд ч илэрхийлээд байгаа аж. Тиймээс Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байгаа иргэдийн ар гэрийнхэн санаа зоволгүй амар тайван байж болно гэлээ. Энд байгаа иргэд хяналтын 14 хоногоо гүйцээгээд ар гэртээ, аав ээждээ, хань ижилдээ, үр хүүхэддээ очно. Тэр хүртэл аль болох ая тухтай байлгах асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн иргэд улсын Онцгой комиссоос хийж байгаа мэдээллийг тухай бүр анхааралтай чагнаж байгаа байх. Өнөөдрийн буюу 3 дугаар сарын 5-ны байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусний тархалт буураагүй, зарим оронд шинээр гарч байна. Иймээс монголчууд бид, тэр дундаа улсынхаа хойд хилийг манаж байгаа сэлэнгэчүүд бид дор бүрнээ өндөр хариуцлагатай байж, онцын шаардлагагүй тохиолдолд хилээр орж, гарах хөдөлгөөн хийхгүй байх, зайлшгүй гарсан тохиолдолд эрүүл ахуйн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн дэглэмээ чанд сахиж, Эх орноо, элгэн саднаа, гэр бүлээ болон өөрийгөө хамгаалах үүргээ сахиж байхыг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа

Холбоотой мэдээ