Цагааннуур боомтоор хөл хорио тогтоосноос хойш 6565 зорчигч нэвтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-05 13:01:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуур хилийн шалган нэвтрүүлэх боомтоор орон даяар "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш 1101 тээврийн хэрэгсэл, 3275 зорчигч орж, 1024 тээврийн хэрэгсэл,  3290 зорчигч гарсан байна.

 Тус боомтоор жилд дунджаар 100 мянга орчим зорчигч, 25 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчиж 70 мянган тонн бараа, бүтээгдэхүүн импортлогддог. Улсын Онцгой комиссын шийдвэрээр БНСУ, Иран, Итали, Япон Улсын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо ирэх иргэдийг энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Цагааннуурын боомтоор нэвтрүүлэхгүй байх ажлыг ОХУ-ын эрх бүхий байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа.

Харин бусад орноос ирсэн зорчигчдыг улсын хилээр нэвтрүүлэхдээ тээврийн хэрэгслийг туулуулах, шүрших аргаар ариутгаж, зорчигчдын биеийн халууныг хоёр удаа хэмжиж,  эрүүл мэндийн асуумжийн хуудас бөглүүлж авч байна.

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар Цагааннуур шалган нэвтрүүлэх боомт дээр эрүүл ахуйн байцаагч нарыг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна. Түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх байранд тусгаарлах өрөө байгуулж, шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангажээ.  

Одоогоор боомтод халуурсан болон халдварт өвчний сэжигтэй тохиолдол, хорио цээрийн дэглэм зөрчсөн зөрчил илрээгүй. Иргэдийн хувьд төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын шаардлага, зөвлөмжийг сайтар биелүүлж байгааг албаны хүмүүс хэлж байлаа. 

Холбоотой мэдээ