Сонсголоо хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-03 10:32:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн энэ өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 

Энэ жил уг өдрийг "Амьдралыг сонс! Сонсголын бэрхшээл таныг болон таны хүүхдийг нийгмээс тусгаарлахгүй ёсгүй" гэсэн уриан дор өнгөрүүлж байна. Энэ өдөр сонсголын бэрхшээлтэй иргэд дуу хоолойгоо нэгтгэн тулгарч буй зүйлээ хэлэлцэн олон нийтийг оролцуулдаг. 

Өнөөдөр Монголын Чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэг, мэргэжлийн зөвлөл чих, хамар, хоолойн эмч нартай хамтран сонсголын бэрхшээлтэй иргэдийг зөвөөр ойлгож, тэдэнтэй хэрхэн харилцах талаар хувь хүн, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг цахимаар явуулж байна. 


Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй чанга дуугаар, хашхирч харилцаж болохгүй. Тэдний өөдөөс нүүр тулан харж, амны хөдөлгөөнөө харуулан үгийг удаан, зөөж, зөөлөн ярих хэрэгтэйг эмч нар зөвлөж байна. 




Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 1.1 тэрбум орчим залуучууд сонсох буруу дадал болон чимээ шуугианаас үүдэлтэй сонсголоо алдах, дүлийрэх бэрхшээлтэй тулгарч байна. 

Олон улсад нийт хүн амын 5 хувь буюу сонсгол муу, дүлий 468 сая хүн байгаагаас 34 сая хүүхэд байна. ДЭМБ-ын судалгаагаар дээрх тоо 2050 он гэхэд ихсэж, 900 сая хүн болж нэмэгдэхээр гарчээ. 15-35 насны залуучуудын 50 орчим хувь нь сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлтэй байна. Үүнд чихэвч, гар утас, баар, цэнгээний газар, спортын үйл ажиллагааны дуу шуугиан нөлөөлж байна. 

Сонсгол бууралтын 60 орчим хувийг урьдчилан сэргийлж, эрт оношлох боломжтой. Хүүхдийн сонсгол муудалтын 60 хувь сэргийлж болох шалтгаанаар үүсдэг байна. 



Холбоотой мэдээ