Хулгайн замаар хөдөөгийн сум руу зорчсон 6 тохиолдол илэрсэн

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-27 16:49:26

Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлж сар шинийн баяр тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд 33 цэгт хяналтын пост гаргаж, 112 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Тодруулбал, Жаргалант суманд байнгын 4, хөдөлгөөнт 2, бусад суманд 27 пост, эргүүл ажиллаж байна. Мөн Жаргалант сумын авто замын хөдөлгөөнд 120 камер, нисдэг төхөөрөмж /дрон/ ашиглан хяналт тавьж буй.

Сар шинийн баярын өдрүүдэд хөдөлгөөн бага байсан боловч энэ сарын 27-ны өдрөөс нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн баярын өдрүүдэд иргэд хяналтын постгүй газраар буюу баталгаат бус хулгайн замаар хөдөөгийн сум руу зорчсон 6 тохиолдол илэрсэн гэж албаны эх сурвалж онцоллоо. 

Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Засаг даргын 2020 оны А/105 дугаар захирамж гарч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон нутаг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд түр хязгаарласан.

Тиймээс иргэд тус шийдвэрийг биелүүлэх олноороо цугларахгүй, стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй байх, хөл хориог зөрчин хөдөө орон нутагт хулгайн замаар зорчихгүй байж өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг хангахыг Ховд аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна.

Хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу эмнэлгийн яаралтай тусламж, ар гэрийн гачигдлын улмаас нэн яаралтай аймаг, сумаас гарах шаардлагатай болсон иргэд холбогдох баримт бичиг бүрдүүлж, сумдын шуурхай штабаас нэвтрэх бичиг, зөвшөөрлийн хуудас авах ёстой гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. 


 

Холбоотой мэдээ