Дубайн дэлхийн үзэсгэлэнд оролцох ААН-ийг бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-18 15:46:26
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ЭКСПО-2020” Дубайн дэлхийн үзэсгэлэнд оролцох сонирхолтой үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг өнөөдрөөс сонгон шалгаруулалтад бүртгэж эхэллээ. .


Дубайн дэлхийн экспо Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо энэ оны 10 дугаар сарын 20-оос 2021 оны 4 дүгээр сарын 10-ыг хүртэл 6 сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ үеэр 380 м.кв талбайд Монгол Улсыг иж бүрэн сурталчлах үйл ажиллагааг  ГХЯ, МҮХАҮТ бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.


Үзэсгэлэнгийн хугацаанд Монгол Улсын түүх дурсгалын үнэт үзмэрүүд, соёл, ёс заншил, үндэсний бичиг, өв уламжлалыг танилцуулахаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай болон үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд танилцуулна.  


Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг 2 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 6 хүртэл МҮХАҮТ дээр хүлээн авах бөгөөд дараах шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүн оролцох боломжтой:


- Олон улсын стандартад нийцсэн сав, баглаа, боодолтой байх, 

- Бүтээгдэхүүний хаяг, шошго, хэрэглэх заавар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэг, тэмдэглэгээ англи хэл дээр хийх, 

- Бүтээгдэхүүн тус бүр олон улсын GS1 нийгэмлэгийн зураасан кодтой байх, бүтээгдэхүүний савалгаа тус бүрт зураасан кодыг унаж, гээгдэхээргүй байрлуулсан байх, 

- Өнгө, үзэмж, чанар, стандарт, эдэлгээний шаардлагыг хангасан байх, 

- Байгаль, цаг уурын онцлогт тааруулсан байх, / Экспо болох газар халуун, чийглэг уур амьсгалтай/

- Ачиж тээвэрлэхэд  эвдэрч гэмтэхээргүй зориулалтын хайрцаг, савалгаатай байх, хайрцаг болон савлагааны гадна элдэв бичиг, зураг, тэмдэглэгээгүй байх,

- Үзэсгэлэнд оролцуулах бараа бүтээгдэхүүнийг экспо зохион байгуулах хорооноос тавьсан чанар стандартын дагуу харгалзан үзэж сонгон шалгаруулах юм. 


Холбоотой мэдээ