Хөрөнгө, орлогын мэдүүлэг 94.5 хувьтай байна

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2020-02-11 16:02:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын мэдээгээр хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл улсын хэмжээнд 2 дугаар сарын 11-ний байдлаар 94.5 хувьтай байна. 

Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн энэ хугацаа дуусахад 5 хоног үлдээд байна.

Одоогийн байдлаар 39.587 мэдүүлэг гаргагч ХОМ-ээ https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлээд байна. Үүнд БХБЯ, ЭХЯ, Үндсэн хуулийн цэц, Архивын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, НДЕГ, Соёл урлагийн газар, ЦЕГ, ОБЕГ, Архангай, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна. 


АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтны 179 нь мэдүүлгээ гаргаж бүртгүүлжээ. Тэдгээрийн 39 нь УИХ, Засгийн газрын гишүүн, 10 нь яамдын Төрийн нарийн бичгийн дарга, 20 нь агентлагийн дарга, 35 нь Элчин сайд, консул, 75 нь бусад албан тушаалтан байна.   

АТГ хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой  заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар, 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба гарагт ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ