Агаарын бохирдол нь жил бүр хэдэн мянган хүний амийг авч оддог

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-11 12:39:52

МОСКВА. /TASS/. Экологичид дэлхийн 400 том хотын агаарын байдалд ажиглалт хийж, озоны бохирдлын улмаас жил бүр 13 мянга орчим хүн нас бардаг болохыг илрүүлжээ. Эрдэмтдийн хийсэн ажиглалтын дүнг “BMJ” сэтгүүлд нийтэлжээ.


"Том хотуудын эрх баригчид агаар дахь озоны хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас заасан стандарт хэмжээнд нь барьсан бол бид бараг бүхий л хортой үр дагавраас зайлсхийх боломжтой байсныг бидний хийсэн ажиглалтын үр дүн харуулж байна. Бохирдлыг бууруулах нь нөхцөл байдлыг сайжруулж, шаардлагыг хангаж байгаа хотуудад агаарын бохирдолтой холбоотой нас баралтын тоо буурах боломжтой юм” хэмээн судлаачид тэмдэглэжээ.


ДЭМБ-ын тооцоолсноор, агаарын бохирдлоос үүдэлтэй янз бүрийн хорт бодис, хорт хавдар үүсгэгч бодисын улмаас жил бүр 7 сая орчим хүн нас бардаг байна. Олон судлаачийн үзэж байгаагаар, ийм шалтгааны улмаас нас барсан хүний тоо үүнээс ч илүү байж магадгүй аж. Ямар төрлийн агаар бохирдуулагч хүн болон гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд ноцтой аюултай байдаг талаар эрдэмтэд одоогоор нэгдмэл байдалд хүрээгүй байгаа аж.


Эдгээр агаар бохирдуулагчийн нэг нь молекулууд нь 3 атомт хүчилтөрөгчөөс бүрдсэн хий болох озон юм. Энэ нь агаар мандлын доод давхаргуудад нэвтрэн орох үед хүн амьтныг хэт ягаан туяанаас хамгаалахаа больж, зузаан хүлэмжийн хий болохоос гадна янз бүрийн хортой аэрозолуудыг үүсгэгч болдог байна. 

Холбоотой мэдээ