Д.Цэрэндорж: Сумдын Онцгой комисс эрсдэлийн төлөвлөгөө гарган мөрдөж ажиллах шаардлагатай

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-08 12:54:27

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэр Засаг даргын захирамжаар Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өгийнуур, Өлзийт, Хайрхан сумын нутагт гурван ажлын хэсэг гарч, отроор яваа малчин өрх,малчдад эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг хүргэж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан.Энэ талаар ажлын хэсгийг ахалж ажилласан аймгийн ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Цэрэндоржоос тодрууллаа.


-Саяхан ажлын хэсэг сумд руу хуваагдаж ажиллалаа. Таны явсан сумдад өвөлжилтийн нөхцөл байдал хэр байна вэ?

-Аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Цэрэндорж миний бие ахалж, гишүүдэд ХХААГ-ын мэргэжилтэн Б.Эрдэнэдаваа, Нэгдсэн эмнэгийн их эмч Очхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр 1-р сарын 19-20-нд Өгийнуур, 21-22-нд Өлзийт, 23-24-нд Хайрхан суманд ажиллаад ирлээ.

Дээрх сумдад цасны зузаан тал газраа 4-5 см, жалга гуу газартаа 10-20 см зузаантай, өдрийн температур -8-11 градус хэвийн, салхи шуургагүй байлаа. Урьдчилсан судалгаагаар  бэлчээрийн даац Өгийнуур суманд 1.5 дахин, Өлзийт суманд 1.25 дахин, Хайрхан суманд 2 дахин хэтэрсэн тооцоо байна. Энэ нь малчдын тулгамдсан асуудал байна.

-Хэдэн сумын хэдэн багаар оров?

-Ажлын хэсэг Өгийнуур сумын 4, Өлзийт сумын 3, Хайрхан сумын 4 нийт 11 багийн нутаг дэвсгэрийн хүрээнд өвөлжилтийн төлөв байдалд сумын Онцгой комиссын гишүүдтэй хамт ажиллаж, үнэлгээ дүгнэлт өгч ажилласан.

-Малчдын сэтгэл санаа ямархуу байв?

-Малчидтай уулзаж явахад өнгөрсөн жил үлийн цагаан оготно их хэмжээгээр тархсанаас үүдэн бэлчээр их хэмжээгээр нэрвэгдэн, газрын гарц муудаж, мал тарга тэвээрэг аваагүйгээс үүдэн энэ өвөл хаваржилт хүнд байгааг хэлж байсан. Өгийнуур сумын Орхон, Өгий, Өлзийт сумын Ямаат багийн малчид өөрийн аймаг сумын болон бусад аймгийн нутгуудад оторлож байгаа ч цаашид нүүх газаргүй, хаваржилтыг даван туулахад хүнд нөхцөл тулгарсан байна. Зарим малчны хотонд мал төллөж эхэлсэн. Өгийнуур суманд л гэхэд 50 гаруй үнээ тугалсан байна. Бог малын төллөлт энэ суманд эхэлж өвс, тэжээлийн нөөц 50 гаруй хувьдаа орсон. Цаашид хүндрэх төлөвтэй байна гэсэн байдалтай байна.

-Малчдад төрийн үйлчилгээ үзүүлсэн байгаа. Ямар төрлийн үйлчилгээг үзүүлсэн бэ?

-Өндөр настан, нярай хүүхэдтэй залуу гэр бүл, жирэмсэн эхчүүдтэй өрхүүдийг түүвэрлэн орж, эмнэлгийн анхан шатны үзлэг хийж, эмийн багцыг 30 өрхөд тарааж, эрүүл мэндийн зааварчилгаа, зөвлөлгөө  өгч ажиллалаа. Манай ажлын хэсгийн хувьд сумын Онцгой комссыг авч явж, малчдын амьдралтай газар дээр нь танилцуулж явсан. Мөн сум орон нутгийн удирдлагууд явж байсан болохоор зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлээд явсан байгаа.

-Бас өөр аймгийн нутагт оторлож байгаа өрхүүдээр ороод ирсэн гэж байсан?

-Бид Өлзийт сумын Ямаат багаас Булган аймгийн Могод суманд 6 өрхийн 26 иргэнтэй уулзаж, газар оронд нь ажиллаж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлсэн.  Манай аймгийн Өлзийт сумаас Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 1 өрхийн 5 иргэн, 487 толгой мал, Могод суманд 6 өрхийн 26 иргэн 5358 толгой мал, өөрийн аймгийн Хотонд суманд 1 өрхийн 840 толгой мал, Батцэнгэл суманд 8 өрхийн 6168 толгой мал, Хайрхан суманд 1 өрхийн, 1444 толгой мал, Өгийнуур суманд 5 өрхийн 1901 толгой мал тус тус отроор нүүдэл хийж байна.

-Гадны аймгаас тус сумдын нутаг дэвсгэр дээр отор нүүдэл байна уу?

-Өгийнуур сумын нутагт Өвөрхангай аймгийн Хархорин, Баянгол сумаас Шинэбаяр нарын 4 өрх, 1600 гаруй малтай, Өлзийт суманд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 өрхийн 787 толгой мал, Завхан аймгийн Их-уул сумын 1 өрх 415 толгой малтай ирсэн байна билээ.


-Оторлож буй нутгийн цас, мөсний байдал ямархуу байна вэ?

-Булган аймгийн Могод сум цас багатай, өвс сайтай боловч нутгийн иргэд бэлчээрээ харамлах, татвар татаас авах гээд асуудал их байдаг бололтой юм байна. Бидний хувьд “ийм асуудал байхгүй”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 28 өдрийн 419 дүгээр тогтоолыг танилцуулж, отор нүүдэл хийж яваа малчид иргэд энэ тогтоолын дагуу гэрээгээ хийгээд явж болно гэсэн заавар зөвлөгөө өгч ажилласан. 

-Отрынхон хэдий үед өөрийн нутаг руу орно гэж байна?

-Ер нь сар шинэ өнгөрөөгөөд нутаг руугаа орж ирэх төлөвтэй байгаа.

-Цаашид ямар чиглэлээр ажиллах вэ? Анхаарах асуудлууд юу байна?

-Засгийн газрын 2019 оны 12-р сарын 28-ны 419 тогтоолыг малчид иргэдэд ялангуяа цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд отор нүүдэл хийж байгаа иргэдэд сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангах хэрэгтэй байна. Дээрх сумдын өвөлжилт хаваржилт хүндэрч буй нутгийн малчдад захиалгын дагуу өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг холбогдох шатны удирдлагад танилцуулж, яаралтай арга хэмжээ авна. Мал төллөлт эхэлж, ачаалал нэмэгдэж байгаа энэ үед малчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна.

Дээр нь сумдын мал эмнэлгийн байгууллагууд  малчдад үзүүлэх үйлчилгээгээ сайтар зохион байгуулах шаардлага байна. Энд гаднаас оторлон ирсэн малчдын малд урьдчилан сэргийлэх болон графикт тарилга туулгалтыг цаг хугацаанд нь хийсэн эсэхэд хяналт тавьж ажиллах, багуудын малчидтай хийх гэрээгээ чирэгдэлгүй зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах, мал, төлийн хорогдол их гарч байгаа цэгүүдэд тавих хяналтаа чангатган, оношийг тодруулан сэг зэмийн устгал, ариутгалын ажлыг сайтар зохион байгуулах, сумдын Онцгой комисс өвөлжилт хаваржилтын хүндрэлтэй цаг үеийг даван туулах эрсдэлийн төлөвлөгөө гарган мөрдөж ажиллах шаардлагатай байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ