Хонконгийн эмч нар ажил хаялтаа үргэлжлүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-02-04 15:11:26

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Эх газрын Хятадтай залгаа хилээ бүрэн хаахыг шаардаж байгаа Хонконгийн эмч, сувилагч нарын ажил хаялт хоёр дахь өдрөө үргэлжилж байна гэж хотын эрүүл мэнийн байгууллагууд мэдээлжээ.


“Ажил үүргээ гүйцэтгэх олон тооны ажилтан байхгүй байгаа нь улсын эмнэлгүүдийн түргэн тусламжийн үйлчилгээний ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна” гэж Эмнэлгийн байгууллагуудын удирдах газрын мэдэгдэлд дурджээ. Өвчтөнүүдийг эмчлэх эрх ашгийн үүднээс үүрэгт ажлаа аль болох хурдан орохыг тус байгууллага  ажил хаясан эмч нарт хандан уриалсан байна.


Даваа гаргийн ажил хаялтад 2700 орчим хүн оролцжээ. Ажил хаялтыг эмнэлгийн ажилтнуудыг эрхийг хамгаалах “Hospital Authority Employees Alliance” хэмээх шинэ үйлдвэрчний эвлэл зохион байгуулсан байна. Хилээр нэвтэрч буй асар их хүний урсгалаар өвчний тархалт газар авсан тохиолдолд Хонконгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй гэж эмч нар болгоомжилж байгаа аж.


Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам өмнө нь “Shenzhen Bay” болон Хонконг-Жухай-Макао гүүрний шалган нэвтрүүлэх цэгээс бусад бүх боомтуудыг түр хугацаагаар хаасныг мэдэгджээ. Олон улсын нисэх онгоцны Чек Лап Кок буудал Хятадын хотууд руу хийдэг нислэгийнхээ тоог хоёр дахин цөөрүүлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм.


Хонконгт “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсний улмаас нас барсан анхны тохиолдол мягмар гарагт бүртгэгдсэн байна. Нас барсан өвчтөн Ухань хотод очоод ирсэн Хонконгийн 39 настай оршин суугч байжээ. Хонконгт нийтдээ коронавирусний халдвар авсан 15 тохиолдол батлагдсан бөгөөд халдвар авсан хүмүүсийн дунд нас барсан өвчтний 72 настай ээж байгаа аж. Уушгины шинэ хэлбэрийн хатгалаа өвчин дэгдсэнтэй холбоотойгоор хотын аялал жуулчлал, соёл урлагийн болон спортын байгууламжуудыг хааж, олон нийтийн үйл ажиллагааг цуцалсны зэрэгцээ сургуулийн амралтыг гуравдугаар сар хүртэл сунгажээ.


Хамгийн сүүлийн мэдээллээр, Хятадад коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 426 болж нэмэгдсэн бол уг вирусээр халдварласан хүний тоо 20400 давсан байна.


Холбоотой мэдээ