Булган сум лицензгүй сум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-03 17:09:36
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Булган сум лицензгүй "Ногоон сум" боллоо.
Өнгөрсөн оны 10 дугаар сард "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаярын санаачилгаар "Байгаль эх хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн бүх суманд зохион байгуулсан. Энэ үеэр "Манай сум хоёр лицензтэй, үүнийгээ одоо сунгахгүй, цуцлуулж ногоон сум болно" гэж сумын Засаг дарга Т.Мөнх-Алдар ярьж байсан юм. Тус сумын Дал багийн нутаг Хэцүү уул гэдэг газар "Баяраам" ХХК, Дэн багийн нутаг Үнэгтийн уул гэдэг газар "Лукрий" ХХК тус тус хайгуулын лиценз эзэмшиж байсан байна.
Өмнөговь аймгийн Булган сум нь улсын хэмжээнд улаан лооль, ноолуурын чиглэлийн гурвансайхан үүлдрийн ямаагаараа алдартай. Тус сум хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал гуравт тулгуурлан нутгаа хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тус аймагт Сэврэй сум ганцаараа лицензгүй сум байсан билээ.
Ташрамд дуулгахад Булган сумын Баян загаас палеонтологич Рой Чэпмен Эндрюс анх үлэг гүрвэлийн олдвор олж дэлхийд Монголын говийг таниулсан байдаг. Одоогоос 60-100 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн өлгий нутгийн нэг билээ. Алдарт Баян загийн үзэсгэлэн нь урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 орчим км. Хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө  амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ. 

Холбоотой мэдээ