Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг дайчлан ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-30 15:55:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сүхбаатар аймгаас гарч байгаа болон дотогш орж буй автомашины хөдөлгөөнд хяналт тавих, зорчигчдын биеийн байдалд тандалт хийх ажилд сургууль цэцэрлэгийн эмч нарыг дайчлан ажиллуулж байна.

Мөн зарим эмч нарыг Бичигт боомт дахь түр эмнэлгийн байранд нэмэлтээр ажиллуулж байгаа аж. Зүүн хатавчийн боомт дээр байгаа Монгол Улсын иргэдийг оруулж ирэх ажилтай холбоотойгоор шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах өрөө тасалгаануудыг ч стандартын дагуу засаж, тохижуулаад байгаа гэнэ.

Ингэж сургууль цэцэрлэгийн эмч нарыг дайчилдгийн учир нь Сүхбаатар  аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй, нэмэгдэх хандлагатай байгаа учир АНЭ-ийн хүүхдийн тасгийн эмч сувилагчид ачаалал өндөртэй ажиллаж байгаа. 01 дүгээр сарын 30-ны байдлаар АНЭ-ийн хүүхдийн тасагт 65 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үндсэн 25 ортой ч нэмэлтээр ор дэлгэн, эмч сувилагчид бэлэн байдалд ажиллаж байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 84,7 хувь нь 0-4 нас хүүхдүүд байгаа бөгөөд үүнээс хүнд нэг, хүндэвтэр 48 хүүхэд байна. 

Холбоотой мэдээ