Европын парламентын Хороо “Brexit”-н тухай хэлэлцээрийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-24 10:30:28

БРЮССЕЛЬ. /TASS/. Их Британийг Европын Холбооны бүрэлдэхүүнээс гаргах тухай хэлэлцээрийг Европын парламентын үндсэн хуулийн хэрэг эрхэлсэн хороо шуурхай хуралдааны үеэр дэмжжээ. Тус хорооны 26 гишүүнээс баримт бичгийг 23 нь дэмжсэн бол 3 нь эсэргүүцсэн байна.


"Европын парламентын бүгд хуралдаан 1 дүгээр сарын 29-нд хэлэлцээрийн асуудлаар санал хураасны дараа Европын Холбооны Зөвлөл баримт бичгийг албан ёсоор батлах болно. Их Британи Европын Холбоог 1 дүгээр сарын 31-нд орхих болно” хэмээн Үндсэн  хуулийн хэрэг эрхэлсэн хорооны тэргүүн Антонио Таяни мэдэгджээ.


“Их Британи Европын Холбоог орхиж байна. Энэ бол түүхэн мөч хэдий ч баярлах цаг биш юм. Бид шийдвэрт гүнээ харамсаж байгаа хэдий ч Их Британийн ард түмний бие даасан шийдвэрийг хүндэтгэж байна” хэмээн тэрбээр хэлжээ.


Өмнө нь хатан хаан II Елизавета Их Британийг Европын Холбооноос бүрэлдэхүүнээс гаргах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан нь баримт бичигт хуулийн статус олгож, хугацааг нь 10 сараар хойшлуулсны эцэст Их Британийн талтай “Brexit”-г  хэрэгжүүлэх бэлтгэлийн үйл явцыг дуусгасан юм. Өмнө нь энэ хуулийн төслийг Вэльс, Шотланд, Умард Ирландын хууль тогтоох байгууллагууд батлахаас татгалзсан хэдий ч энэ нь “Brexit”-н үйл явцад нөлөө үзүүлж чадаагүй юм. 

Холбоотой мэдээ