Тэсрэх бодисын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй 64 ААН байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-23 16:53:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 


Монгол Улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй 64 аж ахуйн нэгж байна. Цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт өсөхөөр байгаа аж. Гэвч дээрх хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хуулийн шаардпага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй байна гэж дүгнэжээ. Мөн хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг нарийвчлах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглах, хянахтай холбоотой харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах эрх шилжүүлсзн зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай болжээ. Тиймээс Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулан 2018 оны 12 дугаар сард өргөн мэдүүлсэн юм.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулан байр сууриа илэрхийлсний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжсэн ажлын багийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураав. Тухайлбал, төслийн 15.4 дэх хэсгийг “Энэ хуулийн 15.2.2-т заасан байгууллага нь хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан энэ хууль болон Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтоосон тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлагыг хангасан эсэх талаар саналаа гаргана” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Мөн төслийн 10.1 дэх хэсгийг “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулах дахь аюулгүй ажиллагааг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.


Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. 

Холбоотой мэдээ