ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-21 09:43:38
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ХБНГУ-ын Берлин хотноо “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Жил бүрийн 1 дүгээр сард зохион байгуулдаг энэхүү чуулга уулзалтад 70 гаруй орны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайд, 10 гаруй олон улсын байгууллагын удирдлагууд оролцож Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг юм.  


Энэ удаагийн чуулга уулзалтын анхаарал хандуулсан сэдэв олон улсын худалдааны асуудал дээр төвлөрсөн юм. Худалдаа нь хэрхэн дэлхийн нийт хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангаж, олон төрлийн, шим тэжээл бүхий хүнс хэрэглэх боломжийг бий болгох боломжтой, цаашид анхаарах, шийдвэрлэх асуудлуудыг олон улсын салбар хариуцсан сайд нар ийнхүү хэлэлцлээ. Энэхүү чухал асуудлыг хэлэлцэх, дуу хоолойгоо нэгтгэх, шийдэлд хүрэх зорилгоор олон улсын улс төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, бизнесийн 2,000 гаруй төлөөлөгч оролцсон байна.


 Хуралд оролцсон сайд нар олон улсын худалдаа нь улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгож, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээс гадна хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг хангах, ялангуяа хүнсний дутагдалд байдаг бүс нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах давуу талтай болохыг цохон тэмдэглэж байв. Иймд, олон улсын түвшинд худалдааг дэмжих, либералчлах, худалдааг хориглосон тарифын болон тарифын бус хязгаарлалт, татаасыг багасгах чиглэлээр арга хэмжээ авахыг уриаллаа. Ингэхийн тулд нөгөө талаас, ялангуяа төр засгийн зүгээс, малчид, тариаланчид, бизнесүүдээ дэмжих, тэдгээрийн чадавхыг бэхжүүлэх, нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдав. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн зөв шийдэл бол хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах явдал юм гэдэг дээр бүх төлөөлөгчид санал нэгдлээ. Энэ хүрээнд Нэгдэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага олон улсын цахим хөдөө аж ахуйн зөвлөл байгуулах саналыг боловсруулж, ойрын хугацаанд тус зөвлөлийг ажиллуулж эхлэхээр шийдвэрлэжээ.


Гурван өдрийн турш зохион байгуулдаг “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт”-ын хүрээнд Хөдөө аж ахуйн сайд нарын бага хурал боллоо. Энэхүү бага хурлын зорилго нь 2 өдрийн турш хэлэлцсэн асуудлууд, шийдлийг нэгтгэх, цаашид анхаарах, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тохирох, эцэст нь хөдөө аж ахуйн сайд нарын хамтарсан Тунхаглал гаргах зорилготой хуралдсан.

Бага хурлын үеэр анх удаа Монгол Улс салбар хуралдааныг даргалсан ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсыг төлөөллөө.

.

Тэрбээр салбар хуралдааныг эхлүүлж үг хэлэхдээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ард иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд олон улсын худалдааны хувь нэмэр, ач холбогдлыг цохон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуй, газар тариалангийн арвин нөөц баялгаа ашиглан томоохон экспортлогч орон болох бодлогын зорилготой байгаа ба энэ чиглэлээр томоохон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа.


Мөн Сайдын зүгээс хөгжиж буй орнууд олон улсын зах зээлд байр сууриа эзлэхэд томоохон бэрхшээлүүд тулгарч байгаа талаар байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, хөгжингүй орнууд маш өндөр шаардлага бүхий стандарт тогтоох замаар тарифын бус хязгаарлалтыг хөгжиж буй орнуудад тавьж байгаа, үүний улмаас худалдааны жигд бус тогтолцоо тогтож, худалдааны эргэлт тэнцвэртэй бус байгаа, хөгжингүй орнууд энэ чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлж байх шаардагатайг цохон тэмдэглэлээ. Салбар хуралдаанд Оросын Холбооны Улс, Беларусь, Киргиз, Норвеги, Гүрж, Ливан зэрэг 20 гаруй орны сайд нар үг хэлж, санал дэвшүүлж оролцлоо.


Чуулга уулзалтын эцэст 71 орны хөдөө аж ахуйн сайд нар хамтдаа Тунхаглал гаргасан ба үүний хүрээнд 4 чиглэлээр ажиллахаар тогтов. Тухайлбал, нэгд, дэлхий нийтийн хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын худалдааг дэмжих, хоёрт, худалдааг хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглүүлэх, гуравт, хөдөө аж ахуй нэмүү өртгийн сүлжээг тогтвортой, аюулгүй, тэгш оролцоог хангасан байдлаар хөгжүүлэх, дөрөвт, хүнсний эрүүл ахуйг хангахад анхааран ажиллахаар  боллоо.


Холбоотой мэдээ