УИХ-ын гишүүн Н.Энхболд Австралийн Сенатын танхимын дэд ерөнхийлөгчтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн бүлгийн дарга Н.Энхболд өнөөдөр Ази Европын парламентын түншлэлийн уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд буй Австрали Улсын Сенатын танхимын дэд ерөнхийлөгч Гавин Маршаллыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, хүндэт зочдыг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаад талархал илэрхийллээ.
Австрали Улсын Сенатын танхимын дэд ерөнхийлөгч Гавин Маршалл, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн бүлгийн дарга Н.Энхболдыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Мөн тэрээр, Монгол Улс Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулж байгаад баяр хүргэсэн юм.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглээд, тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй байгаа талаар ярилцаж, санал солилцов. Австрали Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд олон монгол иргэн тус улсад боловрол эзэмшиж байгаа бөгөөд тэдгээр иргэд өнөөдөр эх орондоо төрийн болон төрийн бус байгууллагуудад идэвхтэй ажилладаг байна. Түүнчлэн Австрали Улсад суралцах хугацаандаа монгол иргэд гэр бүлийн хамтаар амьдарч болдог. Ингэснээр хоёр орны иргэд хоорондын харилцаа болон Австрали-Монголын найрамдлын нийгэмлэгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг болохыг онцолж байв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.