Цагдаагийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-20 15:56:33

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд аймгийн 19 суманд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн 51 алба хаагчаас 72,5 хувь нь ганцаараа амьдарч байгаа судалгаа гарсан байна. Энэ дагуу Увс аймаг дахь Цагдаагийн газрын шинээр томилогдсон дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат зарим арга хэмжээг авч ажилласан байна.

Тухайлбал, Тэс, Малчин суманд ажиллаж байсан хоёр алба хаагчийг Улаанбаатар хот руу, Сагил, Цагаанхайран суманд ажиллаж байсан хоёр алба хаагчийг аймгийн төв рүү шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн байна. Мөн Улаанбаатар хот болон өөр аймгаас шилжиж ирсэн хоёр алба хаагчийг албаны орон сууцаар хангасан байна. Энэчлэн цагдаагийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарч, гэр бүлийг нь ажлын байраар хангах, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, сургалт семинарт явуулах, унаа мотоцикл олгох гэх мэтээр нийгмийн баталгааг нь хангаж ажиллаж байна. 

Холбоотой мэдээ