Аймгийн Ахмадын хорооны урилгаар ОХУ-ын Буриад улсын ахмадууд зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-20 13:43:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны урилгаар ОХУ-ын Буриад улсын Хиагтын аймгийн Кяхта хот, Наушка, Шара-гол, Буриад Хүдэр зэрэг сум тосгоны Ахмадын хороо, зөвлөлийн дарга, удирдлагууд тус аймагт зочиллоо.

Тус бүрэлдэхүүний морилон саатсан гол зорилго нь Сэлэнгэ аймгийн улсын хил орчмын Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар, Дулаанхаан тосгоны Ахмадын хороодтой 2020-2021 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан явдал аж. Энэ сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны байранд болсон эл үйл ажиллагаа нь хамтран ажиллах гэрээгээ баталгаажуулсан, бие биетэйгээ танилцсан, элэгсэг дотно уулзалт болсноороо онцлогтой болжээ.  

Энэхүү үйл ажиллагаа нь ОХУ, Буриад зон олонтой мөнхийн хөрш байж, олон зуун жил ах дүүгийн халуун дотно, найрсаг хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цаашид тасралтгүй улам бүр өргөжин тэлж, ахмадуудын нөхөрлөл бэхжиж буйн тод жишээ хэмээн аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг энэ үеэр онцолсон. Мөн тэрээр “манай монголчууд нөхрийн хуучин нь, дээлийн шинэ нь дээр” гэж бэлгэдэн ярилцдаг. Ингээд ахмадуудаа их амжилт хүсье” хэмээлээ.

Холбоотой мэдээ