Ө.Сайнцэцэг: Монгол бичгийн маш сайн багш болоод хүн бүрт зааж өгөх нь миний мөрөөдөл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-20 13:56:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын сайхан бичигтэн 23 дугаар уралдааны тэргүүн байрын шагналт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын лаборатори нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Өвгөнхүү овогтой Сайнцэцэгтэй ярилцлаа. Тэрээр монгол хэл, бичгийн багш мэргэжлээрээ суралцаж төгсөөд орон нутагтаа ирж ажиллан хүн бүрт монгол бичгийн гайхамшгийг мэдрүүлж, зааж сургах чин хүсэл мөрөөдөлтэй аж.

-Сайн байна уу. Сурлага өндөр үү?

-Сайн, Та сайн байна уу. Сурлага өндөр, төгсөх ангийн сурагч болохоор ачаалалтай, завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна даа.

-Юуны өмнө "Монголын сайхан бичигтэн" уралдааны шилдгээр шалгарсанд баяр хүргэе. Энэ уралдаанд хэд дэх удаагаа оролцож байгаа юм бэ?

-Баярлалаа. Энэхүү уралдаанд хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ том уралдаанд оролцоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг гэж боддог. Гэхдээ энэ жил амжилтаа ахиулсандаа маш их баяртай байгаа.

-Өмнө нь ямар амжилтууд гаргаж байв?

-Монголын сайхан бичигтэн 22-р уралдаанд гутгаар байр эзэлж байсан. Мөн О.Дашбалбарын нэрэмжит аймгийн сайхан бичигтэн шалгаруулах уралдаанд дэд байр, аймгийн Угсаатны зүйн музейгээс зохион явуулсан “Сайхан бичигтэн” уралдаанд мөн дэд байр эзэлж байсан. Энэ жил Монголын сайхан бичигтэн 23-р уралдаанд тэргүүн байр эзэлсэн.

-Энэ удаагийн уралдаанд ямар бүтээлээр оролцов?

-Би энэ удаад хонины элдсэн арьсан дээр бичвэрээ бичиж, түүнийгээ сураар татаж, модон жаазанд бэхэлсэн. Бүтээлд шаардлагатай элдсэн арьс, модон жааз зэргийг аав, ахтайгаа хамтарч хийсэн.



-Уралдааны бүтээлүүдийг харахад зөвхөн сайхан бичиг гэхээс илүүтэй тухайн бүтээлийн утга санааг их чухалчилдаг юм шиг санагддаг. Чиний бүтээлийн хувьд?

-Нэрт яруу найрагч Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ" шүлгийг арьсан дээр буулгасан л даа. Үүгээрээ шүлгийн зохиомж, уран сайхны онцлогийг харуулахыг зорьсон.

-Үүнийг хийхэд хэдий хугацаа орсон бэ?

-Би түрүү жилийн уралдаанд орсноосоо хойш дараа жилийнхээ уралдаанд ямар бүтээл хийхээ бодож, бага багаар бэлтгэлээ хангаж эхэлсэн. Яг бүтэн хоёр сарыг энэхүү бүтээлдээ зарцуулсан. Удаан хугацааны хичээл зүтгэлийхээ үр шимийг үзэж, зорьсондоо хүрч чадсандаа баяртай байгаа.

-Монголын сайхан бичигтэн уралдааны талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Үнэхээр сайхан тэмцээн болдог. Зохион байгуулалт сайтайгаас гадна, оролцогчдын ур чадварыг харж, мэдрэх үнэхээр сайхан байдаг. Уралдаанд оролцоод өнгөрөх бус монгол орны өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд, багш нарын бүтээлийг үзэж тэднээс туршлага судална гэдэг хамгийн том шагнал байдаг.

-Монгол бичгийнхээ бэлтгэлийг хэрхэн хангадаг вэ?

-Хичээлийн бус цагаар өөрийн удирдсан багштайгаа тогтмол давтлага хийдэг. Өдөр бүр 3-4 цагийг зөвхөн монгол бичгийнхээ давтлагад зарцуулдаг.



-Монгол бичгийг онцгойлон сонирхож эхлээд хэдий хугацаа болж байна?

-Би харьцангуй орой эхэлсэн л дээ. Хичээлийн хуваарийн дагуу монгол бичгийн хичээл ордог байсан ч яг 10-р ангиасаа эхлэн монгол бичгийн дугуйлан, давтлагад явж эхэхлсэн. Ингээд л өдрөөс өдөрт монгол бичигт дурлаж, сонирхож эхэлсэн. Монгол бичиг өөрөө үнэхээр гайхалтай шүү дээ. Би сайн тайлбарлаж мэдэхгүй л байна. Ямартай ч хүнийг татах увидастай юм шиг санагддаг. 

-Мэдээж монгол бичиг бол үндэсний бичиг, бидний бахархах зүйлсийн нэг. Монгол бичгийн талаар хүн бүр л өөр өөрийн гэсэн ойлголттой байдаг. Чи харин өөрийнхөөрөө юу гэж тодорхойлох вэ?

-Монгол бичиг бол бид бүхний бахархал. Нөгөө талаар миний амьдралын замыг зөв чигт нь оруулж, бүх зүйлийг маань сайнаар өөрчилж чадсан учраас яг миний хувьд бол амьдралын маань салшгүй нэг хүчин зүйл.

 -Ер нь монгол бичгээр зөв сайхан бичиж сурахын тулд хамгийн түрүүнд юун дээр анхаарах ёстой байдаг юм бэ?

-Хамгийн түрүүнд бичих бал, дэвтрийн цаасан дээрээ анхаарах хэрэгтэй. Мөн балны барилт зөв байх ёстой. Үүнийг анхнаасаа зөв эзэмшчихвэл цаашаа илүү хялбар юм шиг санагддаг. Мөн хувь их хүнээс тэсвэр, тэвчээр шаарддаг.

-МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр суралцах эрхтэй болсон шүү дээ. Сургууульдаа сурах уу, яг чиний суралцахыг хүсч байсан сургууль чинь мөн үү?

-Би 10-р ангид байхдаа л мэргэжлээ тодорхойлчихсон. МУБИС-д элсэн суралцах нь миний зорилго байсан учраас энэ сургуульд үнэ төлбөргүй сурах болсондоо маш их баяртай байна. Үнэ төлбөргүй суралцах учраас аав ээжийнхээ өмнөөс илүү их баярлаж байгаа. Тэднийхээ ачааг жаахан ч гэсэн хөнгөлчихлөө гэж бодож байна.

-Төгсөөд хаана ажиллана гэж боддог вэ?

-Тэр тодорхойгүй. Гэхдээ орон нутагтаа ирээд төрөлх сургуульдаа ирж ажилламаар байна. Хүүхэд бүрт монгол бичиг зааж өгч, сургах нь миний мөрөөдөл.

-Мэдээж энэ үед багшаа дурсахгүй байж болохгүй. Анх чамайг монгол бичигтэй танилцуулж байсан болоод одоо чамайг бэлтгэдэг багшийнхаа талаар танилцуулаач?

-Анх Д.Амаргараг багшийнхаа давтлагад явж эхэлснээс хойш монгол бичгийг сонирхож эхэлсэн. Одоо ч багш маань миний бүх зүйлийг зааж, сургаж байгаа. Би багшаасаа зөвхөн монгол бичгийн хичээл бус хувь хүний харилцаа хандлага, хэрхэн олны дунд байх гээд өөрт хэрэгтэй маш олон зүйлийг сурдаг.  

-Багшийнхаа чадварыг юу гэж дүгнэдэг вэ?

-Миний хамгийн их үлгэр дууриалал авдаг хүн. Багшаараа маш их бахархдаг. Манай багшийн чадварыг Сүхбаатар аймаг төдийгүй улс даяар мэддэг. Мэргэжил нэгтнүүдийнхээ дунд ч их нэр хүндтэй байдаг гэдэг нь миний оролцсон уралдаан, тэмцээнүүдийн үеэр мэдрэгддэг. Тиймээс цаашдаа ч багшаасаа суралцсаар байх болно.

 -Чи яг өөрийнхөө багш шиг багш болох уу?

 -Мэдээж тэгнэ гэж боддог. Багшийгаа хараад л шууд багш болно гэж шийдсэн. Амьдралынхаа хамгийн чухал сонголтуудын нэгийг хийхэд хамгийн ихээр нөлөөлсөн хүн байгаа юм.

 -Дүү нар, үе тэнгийн найз нөхдөдөө хандаж юу гэж захиж, уриалмаар байна?

 -Хүн бүр монгол бичгээрээ уншиж, бичиж сурах зайлшгүй хэрэгтэй юм шүү гэдгийг л маш сайн захимаар байна. Хэцүү гэж битгий бодоорой, би өмнө яг тэгж боддог байсан. Гэхдээ нэг л өдөр шийдээд зориход бүх зүйл хялбар болж эхэлдэг. Би нэг сарын хугацаанд уншиж сурсан. Тийм болохоор тууштай хичээл зүтгэл л хэрэгтэй гэж захимаар байна. 

-Зав гарган ярилцсанд баярлалаа. Мөрөөдөлдөө заавал хүрээрэй, амжилт хүсье?

-Маш их баярлалаа.


 

Холбоотой мэдээ