“Alibaba” 7 сая га талбайд давсанд тэсвэртэй будаа тариална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-17 16:48:41

ХАЙКОУ. /TASS/. Хятадын онлайн худалдааны “Alibaba” компанийн дижитал хөдөө аж ахуйн салбар тус улсын өмнөд нутагт орших Хайнань мужийн эрдэмтдийн багтай хамтран давсанд тэсвэртэй гибрид будаа Өвөр Монголын өөртөө засах орны Хинган аймагт тариалахаар гэрээ байгуулжээ.


"Хайнань жибао" сонинд мэдээлснээр, гурван жилийн хугацаанд тэд энэхүү будааны суулгацыг 14 мянган га талбайд суулгахаар төлөвлөж байгаа бөгөөд 10 жилийн дараа тариалангийнхаа талбайн хэмжээг 7 сая га болгох гэнэ.


Энэ төсөл нь тариачдын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээс гадна, ядуу бүс нутгуудад өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалтай тэмцэхэд тус нэмэр болно гэж тус сонинд мэдээлжээ.


Хятадын эрдэмтэд "далайн будаа" гэж нэрлэдэг давсанд тэсвэртэй будааны суулгацыг сайжруулах төслийг олон жил хэрэгжүүлжээ. Гэхдээ энэ будааг далайн усанд шууд тариалдаггүй учраас “далайн будаа” гэж албан ёсоор нэрлээгүй байгаа аж. Ийм будаа нь хужиртай хөрсөнд тэсвэртэй, сайн ургадаг байна. Одоогийн байдлаар эрдэмтдийн гаргаж авсан будаа нь 1.2 хүртэл хувийн давсны агууламжтай хөрсөнд ургах чадвартай байна. Ийм хэмжээний давсны агууламжтай үед ихэнх ургамал үхдэг ажээ.


Одоогоор эрдэмтэд Өвөр Монголын өөртөө засах орон, Шинжаан -Уйгарын өөртөө засах орон, Чиндао, Хайнань мужуудад тариалангийн хэд хэдэн аж ахуй байгуулжээ. Үүнээс гадна, ОХУ-тай хил залгаа оршдог Хар мөрөн мужид туршилтын бааз байгуулсан байна. Тус мужийн Тели хошуунд мэргэжилтнүүд шинэ сортын будааны хүйтэн уур амьсгалд ургах чадвар, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор туршилт явуулж байгаа гэнэ. 



Холбоотой мэдээ