Иргэдээ сонсох наймдугаар аянд 100 гаруй хүн ажиллаж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-01-16 17:57:53

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг ард иргэдээ сонсох аянаа эхлүүлж 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зургаан ажлын  хэсэг хөдөөгийн 23 сумын 110 багт ажиллаж байгаа талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө.

Тус аймаг ард иргэдээ сонсдог, иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг. Хийсэн ажлаа тайлагнадаг, төрийн албан хаагчид нь айл өрхүүдээ хариуцан ажилладаг. Төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг  “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт тавин ажиллаж дөрвөн жил болжээ. Ард иргэдээ сонсох аяныг 2019 онд гурван удаа зохион байгуулж 45 мянга гаруй иргэний санал хүсэлтийг авчээ. Эдгээр иргэдийн саналд тулгуурлан 2020 оны төсөв, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан байна.

Он гарсаар ард иргэдээ сонсох наймдугаар аяныг эхлүүлж нэгдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд аймгийн 23 суманд ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгүүд энэ үеэр иргэдийн санал хүсэлтийг сонсож, төрийн мэдээ мэдээллийг хүргэхээс гадна төрийн албан хаагчдын ажлыг иргэдээр үнэлүүлж байна.

Иргэдээ сонсох нь төрийн албан хаагчдын үүрэг

Завхан аймаг сүүлийн гурван жил Ард иргэдээ сонсох аянаар дамжуулан айл өрх бүрээс очиж ирэх оны аймагт хийж хэрэгжүүлэх саналыг авч хэвшжээ.

Тиймээс энэ удаагийн аяныг зохион байгуулж буй зорилго нь ч мөн 2021 оны аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг газар дээр нь очиж авч байгаа ажил юм. Энэ жилийн ард иргэдээ сонсох аяны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, төрийн ахмад албан хаагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл хамтран ажиллаж байна. Завхан аймаг ард иргэдээ сонсох наймдугаар аянаар нийт айл өрхийн 80-аас дээш хувиар орж иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилго тавин ажиллаж байгаа. Мөн сумдын Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллагын үйл ажиллагаанд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт, үнэлгээ хийж зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байгаа. Ер нь иргэдээ сонсох ажил бол төрийн албан хаагчдын нэн тэргүүний ажил, үүрэг нь юм хэмээн аймгийн ЗДТГ-аас дуулгалаа. 

Холбоотой мэдээ