Л.Пүрэвсүрэн:Байнгын төвийг сахих бодлогыг олон улсад тунхаглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-22 18:20:04

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ, Норвеги, Швед улсад хийсэн албан айлчлал болон Монгол Улсын гадаад харилцааны талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

2009 оноос хойш Монгол Улсын Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчлал хийж байгаагүй. Энэ сард Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Байгалийн нөөцийн сайд, Хөдөө аж ахуйн дэд сайд нартай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцсан. Ер нь бол хөрш орнуудтайгаа байнга харилцаатай байж, аливаа асуудлаа хамтран шийдвэрлэж байх ёстой хэмээн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, айлчлалын хүрээнд улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна олон улсын нөхцөл байдлын талаар ярилцсан. Мөн НҮБ-ын 70 жилийн ойн хүрээнд тус байгууллагад хийх шинэчлэлийн талаар ярилцлаа. ОХУ-ын талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын санаачилсан Төвийг сахих бодлогыг ихээхэн сонирхож байгаагаа илэрхийлсэн. Монгол Улс ОХУ, БНХАУ төдийгүй бусад улс оронтой хэрхэн хамтран ажиллах чиглэлээр мэдээлэл өгсөн. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын комиссыг 11 сард хуралдуулахаар товлосон. Ирэх жил Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой болно. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх хоёр улсын Гадаад хэргийн яамд Ажлын хэсэг байгуулахаар тохирлоо” гэлээ.

Түүнчлэн, Мөн энэ сард Норвеги, Швед улсад айлчилсан. Норвеги улс байгалийн баялгаас олсон орлогыг зөв ашиглах чиглэлээр томоохон амжилтад хүрсэн улс гэж болно. 1969 онд Норвеги нефтийн нөөцөө илрүүлж, 1972 онд газрын тосны хуультай болсон. Энэ хууль ердөө хоёр заалттай. Нэгдүгээрт, Норвегийн бүх байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан. Энэ хүрээнд бүх лиценз төрийн мэдэлд байдаг. Хоёрдугаарт,  Байгалийн баялагаас олж байгаа орлогыг зөвхөн өнөөгийн иргэд биш ирээдүйн иргэд ашиглах ёстой гэж заасан. Уг заалтын дагуу “Норвегийн баялгийн сан” байгуулсан. Энэ санд орсон хөрөнгийн 60 хувийг олон улсын ашигтай төсөлд хөрөнгө оруулахад зарцуулдаг бол 35 хувийг Засгийн газрын бондод, 5 хувийг үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зарцуулдаг. Энэ мэт туршлагыг судлах, Монголд нутагшуулах нь зөв. Тиймээс банкируудыг Норвегид сургах хүсэлт гаргасан. Түүнчлэн Монгол Улсын сурталчилан таниулах чиглэлээр хамтран ажиллах болсон.

Швед улсад “Ардчилалал, сонгуулийн туслалцааны байгууллага”-ын 20 жилийн ойн арга хэмжээ болсон. Одоогоор тус байгууллагыг Швецар улс удирдаж байна. Энэ оны 11 сараас  Монгол Улс ахлах болно. Тиймээс Швед улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд 20 жилийн ойн үйл ажиллагаанд оролцохоос гадна Швецар улсын туршлагаас хуваалцах, энэ байгууллагыг даргалах хугацаандаа ямар үйл ажиллагаанд түлхүү анхаарлаа хандуулах чиглэлээр ажилласан” гэв.

НҮБ-ын 70 жилийн ойн Дээд хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо энэ сарын 25-27-нд болно. Дээд хэмжээний уулзалтад 160 гаруй улсын төрийн тэргүүн оролцож, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батална. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, өөрийн орны байр суурийг илэрхийлж үг хэлэх болно хэмээн сайд мэдээлэлдээ дурьдав.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын даргад Япон, Хойд Солонгосын дээд түвшний уулзалтыг Монгол Улсад Зохион байгуулах талаар илгээлт явуулсан гэсэн. Энэхүү илгээлтийн хариу ирсэн үү?

-Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн бүх оронтой найрсаг харилцаатай. Монгол Улсын Ерөнхийлөгч бүс нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, маргаантай талуудыг зуучлах чиглэлээр идэвхитэй ажиллах боломжтой гэж үзэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын ялиа хэлэлцээ” санаачилга гаргасан. Энэ хүрээнд Япон болон Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжтой гэж үзсэн. 2014 оны 3 сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хулгайлагдсан иргэдийн асуудлаар Япон, Хойд Солонгос хоорондын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Үүний дараа Хойд Солонгос, Японы хамтын ажиллагаа идэвхижиж, хулгайлагдсан иргэдийн тухай маргаантай асуудлаа шийдвэрлэх чиглэлээр хамтран ажилласан. Энэ бол Монгол Улсад хийсэн уулзалтын үр дүн гэж харж байгаа. Мөн Өмнөд болон Хойд Солонгос маргаантай асуудлаа шийдвэрлэх чиглэлээр Улаанбаатар хотод уулзалт хийх боломжтой гэж харж байна. Монгол Улс энэхүү уулзалтыг зохион байгуулахад бэлэн. Өмнөд Солонгостой ч энэ талаар ярилцсан.

Энэ оны долдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Хойд Солонгос явж, Ерөнийлөгчийн илгээлтийг гардуулсан. Миний бие Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдтай ч мөн уулзсан. Улс хоорондын маргаан маш хүнд байдаг тул шийдвэрлэхэд олон жил шаарддаг. Хойд Солонгос Япон хооронд хэлэлцээ хийхэд Монгол Улс хувь нэмрээ оруулах боломжтой гэж үзэж байгаа.

-Ерөнхийлөгч Төвийг сахих тухай санаачилга гаргасан. Энэ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-1992 онд баталсан Үндсэн хуульд Монгол Улс энх тайванч, олон тулгуурт гадаад бодлого явуулна гэж заасан. Мөн аливаа цэргийн эвсэлд нэгдэхгүй, нутаг дэвсгэртээ аль нэг улсын цэрэг байршуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй гэсэн бодлого тунхагласан. Тэгэхээр төвийг сахих бодлогыг 1990 оноос хойш хэрэгжүүлсэн гэж болно. Ерөнхийлөгч энэхүү бодлогыг дэлхий нийтэд албан ёсоор зарлаж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх санаачилга гаргасан. Үүнийг Засгийн газар дэмжиж, холбогдох хууль, тогтоол боловсруулж, батлахаар ажиллаж байна. НҮБ-ын 70 ойн Дээд хэмжээний хурлаар Монгол Улсын Байнгын төвийг сахих бодлогыг олон улсад тунхагласан тогтоол батлуулахаар ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилгыг хөрш орнууд дэмжин хүлээж авч байгаа.

-Гадаадад гэмт хэрэгт холбогдсон хүн хэд байна вэ. Хэдэн улстай Ялтан солилцох гэрээ байгуулсан бэ?

-20 гаруй улстай Ялтан солилцох гэрээ байгуулсан. 2014 онд Хилийн чанадад 297 иргэн гэмт хэрэгт холбогдсон. Тухайн онд Чех улсаас 1, БНСУ-аас 2, БНКазУ-аас 2 иргэнийг шилжүүлэн авчирсан. Энэ оны эхний 9 сарын байдлаар гадаадын 13улсад  107монголиргэн ял эдэлж байна.  Үүнээс хар тамхины хэргээр 31 иргэн ял эдэлж байгаагийн 3 нь цаазаар авах ялтай. Цаазаар явах ялтай хүмүүсийн ялыг гүйцэтгэхийг түр хугацаагаар хойшлуулсан байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд