Ж.Даваабалд “Ховд аймгийн 100 эрхэм” цол тэмдэг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-13 17:29:48

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 28 жилийн ой тохиож байна.

Энэхүү ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн ИТХ-аас Үндсэн хуулийн 28 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталжээ.

Тус төлөвлөгөөний дагуу Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Энэ үеэр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал зохион байгуулсан юм.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын бага хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.

Улмаар БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.

Түүнчлэн БНМАУ-ын АИХ-ын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Ховд аймгаас Үндсэн хууль батлахад сум бүрээс нэг төлөөлөл нийт 18 депутат оролцож байв.

Ховд аймгийн АИХ-ын депутат, төр захиргааны ахмад ажилтнуудыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр шинэ үндсэн хууль баталсан түүхэн үйл явц, аймаг, сумаас сонгосон депутатуудын үүрэг оролцооны тухай албаныхан мэдээлэл солилцсон юм.

Мөн Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрх зүйн үндсийг батлахад бодит хувь нэмэр оруулсан Ховд аймгийн Ардын Их Хурлын депутатуудын нэг болох Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Даваабалд “Ховд аймгийн 100 эрхэм” цол тэмдэг гардуулан өгч, баяр хүргэв.  

Үүнээс гадна аймгийн Музейд шинээр байгуулсан “Ховд аймгийн Ардын Их Хурлын депутатууд” гэх алдрын булантай танилцсан юм.

Тус алдрын буланд 18 депутатын хөрөг зургийг байрлуулсан бөгөөд холбогдох баримт бичгийг хадгалж байна.

Улмаар аймгийн депутатуудын ирүүлсэн баримт бичгийг Музейн байгууллагаас задлан шинжилж, баталгаажуулах замаар цахим хэлбэрт оруулахаар төлөвлөж байна гэж албаныхан хэллээ.

Мөн аймгийн ИТХ-ын санаачилгаар “Ховд аймгийн Ардын Их Хурлын депутатууд” хэмээх ном эмхэтгэн хэвлүүлжээ. Тус номын дээжийг Музейд гардуулан өгч хадгалууллаа. 

Үндсэн хуулийн 28 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Үндэсний бөхийн барилдаан, шинэ үндсэн хуулийн утга, агуулгыг багтаасан асуулт бүхий “АХА” тэмцээн зохион байгуулна. 

Холбоотой мэдээ