Абэ Шинзо Саудын Арабын хаантай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-13 07:24:35

ЭР-РИЯД. /Kyodo/. Япон улс Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө бүхий л дипломат хүчин чармайлтыг гаргах болно гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Саудын Арабын хаан Салман бин Абдулазизтай уулзах үеэрээ хэлжээ.


Талууд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод өнгөрсөн ням гарагт уулзжээ. Хоёр орны удирдагчдын гурав дахь дээд хэмжээний уулзалт энэ бөгөөд тэд 2017 оны гуравдугаар сараас хойш анх удаа уулзаж буй нь энэ ажээ.


Япон улс Өөрийгөө хамгаалах хүчний нисэх онгоц, сөнөөгч онгоцыг Ойрхи Дорнодод илгээснээр манай улстай холбоотой хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг баталгаажуулах мэдээллийг цуглуулна гэж Абэ Шинзо хэлсэн байна.


Хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт өргөжин бэхжиж буйд баяртай байгаагаа Салман хаан ярианы эхэнд онцлоод, хоёр талын стратегийн түншлэлийн харилцаа эрчим хүч болон бусад олон салбарт гүнзгийрнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.


2020 онд Саудын Араб “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг Эр-Рияд хотноо зохион байгуулж, Япон улс Токиогийн Олимп, Паралимдын наадмыг зохион байгуулах түүхэн жил болно гэж Абэ Шинзо хэлжээ. Түүнчлэн хоёр орны төрийн тэргүүн нар эдгээр арга хэмжээг амжилттай зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.


Мөн Японы Ерөнхий сайд Ойрхи Дорнодод тогтвортой байдлыг бий болгохоор гаргаж буй Саудын Арабын шинэчлэлийн хүчин чармайлтыг сайшаагаад цаашид эрчим хүч тэргүүтэй олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.


Саудын Арабын хаан уг шинэчлэлийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд Япон улсыг чухал түнш хэмээн онцолж, талууд хоёр талын хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон байна. 

Холбоотой мэдээ