Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад хуулийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-10 18:10:13

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэс оны өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болж алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирчээ.

1994 оноос хойш эмнэлгийн зориулалттай, стандартын шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулж байсан Цагдаагийн хэлтэс 25 жилийн дараа 2400 метр.квадрат талбайтай, хоёр давхар цутгамал байртай боллоо. Шинэ байрыг орон нутгийн “Пирамид проект” ХХК улсын төсвийн хоёр тэрбум 100 сая төгрөгөөр хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулжээ. Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн шинэ барилга нь 2019 онд орчин үеийн зураг төслөөр улсын хэмжээнд баригдсан хоёр дахь барилга юм. Тусгай зориулалтаар тоноглогдсон уулзалт мэдүүлгийн өрөө, зэвсэг, эд мөрийн баримт хадгалах өрөө, хүүхдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх танхимтай, эрүүлжүүлэн баривчлах байр нь дотроо ариун цэврийн өрөө, шүршүүртэй гээд үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор бүрэн хангагджээ. Тус хэлтэс анх 1961 онд “Цагдан сэргийлэх анги” нэртэйгээр байгуулагдаж, 2009 оноос Цагдаагийн хэлтэс болж өргөжсөн. Тойргийн есөн сумын 260 гаруй мянган га нутаг дэвсгэрт орших 30 орчим мянган хүн амын амар тайван, аюулгүй байдлыг хангаж, гэмт хэргийг шалгах, урьдчилан сэргийлэх, таслан зогсох, илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулдаг ажээ.



 2019 онд бүртгэгдэж шалгагдсан гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсжээ

Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс нь 2019 онд тойргийн 9 сумын иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас нийт 593 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 135, зөрчлийн шинжтэй 458 мэдээлэл авч хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлэсэн байна. Аймгийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 111 буюу 41,1 хувийг нь тус цагдаагийн хэлтэс бүртгэн шалгасан байна.

2019 онд бүртгэгдэж шалгагдсан гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан нэгж буюу 5,5 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг өнгөөр нь авч үзвэл Эрүүгийн хуулийн 24.6.1 хууль бусаар мод бэлтгэх 9, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 15, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 24, мал хулгайлах гэмт хэрэг найм, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах нэг гэхчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна хэмээн тус Цагдаагийн хэлтсээс мэдээлэв.

Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад хуулийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй

Аймагтаа хүн амын тоогоороо тэргүүлдэг Тосонцэнгэл суманд жилд гарч буй гэмт хэргийн 5.7 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх эрүүгийн хуулийн 11.7-г зөрчсөн гэмт хэрэг эзэлж байна.

Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн онд 16 удаа 450 иргэнд сургалт хийжээ. Энэ үеэр 120 гаруй мэдээлэх хуудас, 250 гаруй санамжийг тарааж цаашид ахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг сар бүр зохион байгуулжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчил гаргасан 34 иргэнийг сум дундын шүүхээр 7-30 хоног баривчилсан аж. Бид иргэдийг баривчлаад өнгөрөх бус тэдэнд сургалт мэдээлэл өгөх, хуулийн хариуцлагыг ойлгуулах, эерэг хандлагыг төлөвшүүлэх ажлыг байнга зохион байгуулж байна.

Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулан ажиллах нь чухал юм. Тиймээс аймаг сумандаа үйл ажиллагаа явуулж байгууллагуудтай гэр бүлийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш олсон ололт, амжилт, цаашид хамтран ажиллах арга барилаа ярилцаж, хоорондоо туршлага солилцож байна. 

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх тодорхой мэдээллийг иргэддээ байнга өгдөг. Хүчирхийллийн эрсдэл нь арилан арилтал цагдаагийн байгууллага ажиллах л ёстой. Тиймээс Цагдаагийн байгууллагын зүгээс хүчирхийллийг бууруулах тал дээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг үнэн зөв, шударга, шуурхай шийдвэрлэх нь хамгийн чухал юм. Бид гэр бүлийн хүчирхийллийн тоог бууруулах зорилгоор эргүүлийн цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, хэсгийн байцаагчийн зөрчлийн материалыг шийдвэрлэх тал дээр анхаарч, мэдлэг, арга зүйн ойлголтыг нэмэгдүүлэх тал дээр байнга анхаарч ажиллаж байна. Ер нь хуулийн байгууллагуудын харилцаа холбоог сайжруулж ажиллах хэрэгтэй хэмээн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсээс нэмж мэдээллээ. 

Холбоотой мэдээ