Нэг сая төгрөгийн шагналын сантай уриа үг, логоны уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-08 12:06:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх аян хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан  нэг сая төгрөгийн шагналын сантай “Уриа үг”, “Лого” бүтээх уралдааныг зарлалаа.

Архины хэрэглээг бууруулах, хорт зуршлаас татгалзах, нийгэмд зөв үлгэр дууриалал, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой тус аяны хүрээнд зохион байгуулж буй уралдаан нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж график дизайнерууд, зураачид, технологийн багш нар болон уран бүтээлчид, нийт ард иргэдийн дунд нээлттэй.

Уриа үг нь архидалт буюу архи хэтрүүлэн хэрэглэхийг эсэргүүцэх, архины зохисгүй хэрэглээг хязгаарлах утга санааг энгийн ойлгомжтой илэрхийлсэн тав хүртэлх үгнээс бүтсэн байх шалгууртай. Харин лого нь дээрх утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий дөрвөөс дээшгүй элемент агуулсан, гурваас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны шийдэлтэй байх шаардлагатай бөгөөд график дизайны мэргэжлийн програм дээр болон гараар зурж бүтээсэн байж болох аж.

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан шаардлагатай төдийгүй бүтээлээ энэ сарын 11-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ЗДТГ-ын 203 тоот өрөөнд болон bayankhongorprovince@gmail.com цахим хаягаар ирүүлэх боломжтой юм байна. Бүтээлийг хүлээн авч дуусах өдрөөс хойш ажлын хоёр хоногт багтаан шалгаруулалтыг хийж, шалгарсан бүтээлийн эзэдтэй холбогдоно.

Холбоотой мэдээ