Канадын компани “Boeing 737 MAX”-ын нислэгийг дөрөвдүгээр сараас нааш сэргээхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-07 11:37:50

ОТТАВА. /CTV/. Канадын агаарын тээврийн “West” компани “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцоор үйлдэх бүх нислэгийг цуцлах шийдвэрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүртэл сунгажээ. Энэ тухай телевизийн “CTV” суваг тус компани дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.


Агаарын тээврийн энэхүү компанийн нисэх онгоцны зогсоолд ийм загварын 13 онгоц байдаг байна. Өмнө нь Канадын “Air Canada” компани уг загварын онгоцыг 2020 оны гуравдугаар сарын 31 хүртэл нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргажээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр Канадын эрх баригчид “Boeing 737 MAX”-ын бүх нислэгийг түр зогсоосон бөгөөд харин дараа нь тус компаниуд өөрсдөө хоригийг сунгасан байна.


“Boeing 737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдож, 346 хүн амиа алдсаны дараа уг онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон юм.  Хоёр онгоц осолдохоос өмнө хоёуланд нь маневр гүйцэтгэх чадварыг сайжруулах системд доголдол гарсан гэдгийг “Boeing”компанийн удирдлага хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дараа ОХУ, АНУ, Европын Холбооны орнууд зэрэг дэлхийн олон улс аюулгүй байдлыг хангах үүднээс ийм загварын нисэх онгоцуудыг нислэгт ашиглахыг түр зогсоосон.


2020 оны нэгдүгээр сараас эхлэн “Boeing 737 MAX” загварын нисэх онгоц үйлдвэрлэхээ түр зогсоож байгаа тухайгаа АНУ-ын “Boeing” компани саяхан мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ