ХИС-д агаарын бохирдлыг хэмжих багаж суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-03 16:34:00

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургууль /ХИС/ болон МУИС хамтын ажиллагааны гэрээ байгуулж үе шаттай хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд Ховд их сургууль дээр МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Ч.Сономдагваар ахлуулсан судалгааны баг ирж ажиллалаа.

Тус баг агаарын бохирдлыг хэмжих зориулалт бүхий хамгийн орчин үеийн “PM 2.5” мониторинг хэмжилтийн багаж суурилуулжээ.

Энэхүү багажийг суурилуулснаар Ховд аймгийн агаарын бохирдлын хэмжээг удаан хугацаанд ажиглах, хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд холбогдох газарт мэдэгдэх, бууруулах үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа гэнэ.

Энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар Ховд аймгийн агаарын бохирдлын хэмжээ стандарт хэмжээнээс 14-18 дахин их байгааг дээрх багажаар тодорхойлжээ.

Профессор Ч.Сономдагва нь 2008 онд “Улаанбаатар хотын агаарын бохирдол, түүнийг бууруулах арга зам” сэдвээр докторын зэрэг хамгаалж байсан. Энэ чиглэлд Монголын тэргүүлэх судлаачийн нэг аж.

Тэрбээр Японы Нагоягийн их сургуулийн профессорын багтай хамтран ажилладаг бөгөөд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Ховд их сургуулийн багш нар төдийгүй ахисан түвшний суралцагчид хамтарсан судалгааны ажил хийх бүрэн боломжтой болсныг албаны эх сурвалж онцоллоо.

Мөн профессор Ч.Сономдагва нь ХИС-ийн багш, оюутнуудад “Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдал” сэдвээр мэдээлэл хийжээ. 

Холбоотой мэдээ