Ширээний теннисний тэмцээнд 80 гаруй тамирчин өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-31 10:56:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн ЗДТГ-ын биеийн тамирын зааланд боллоо. 

Тэмцээнд эрэгтэй 15 баг, эмэгтэй 13 багийн нийт 80 гаруй тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээнийг Монголын ширээний теннисний холбооны шүүгчид мэргэжлийн өндөр түвшинд шүүн явуулсан бөгөөд спортын мастер 3, спортын дэд мастер 5 тамирчин оролцсон юм. Эрэгтэй багийн төрөлд нэгдүгээр байрт 15 дугаар сургуулийн Б.Батбилиг ахлагчтай баг, удаах байруудад спортын мастер Л.Завьмөнх ахлагчтай “Өег” клуб, Салхит өртөөний Б.Балдорж ахлагчтай баг тус тус шалгарлаа.

Эмэгтэй багийн төрөлд спортын дэд мастер Х.Цэндмаа ахлагчтай ширээний теннисний “Хос-Эрдэнэ” клубийн баг түрүүлж, У.Есүй ахлагчтай 15 дугаар сургууль, М.Мягмарсүрэн ахлагчтай ОИЦ цогцолбор сургуулийн багууд удаалав.

Ганцаарчилсан эрэгтэй төрөлд Салхит өртөөний тамирчин Б.Балдорж, М.Пүрэвдорж, Б.Ганбаатар нар эхний байруудад шалгарсан бол эмэгтэй төрөлд Х.Цэндмаа, У.Есүй, Н.Мягмарсүрэн нар тус тус шалгарч шагналын эзэд боллоо.

Багийн дүнгээр нэгдүгээр байрт Салхит өртөөний баг, 2 дугаар байрт Дархан Өег клуб, 3 дугаар байрт 15 дугаар сургууль тус тус оржээ.

Холбоотой мэдээ